Хэлэх үгийг нь харуулдаг төхөөрөмж гацсаны дараа Канадын ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгчөөр тохуурхав
Лхагва гарагт Торонто хотод болсон орон сууцжуулалтын бодлоготой холбоотой хэвлэлийн хурлын үеэр Канадын ерөнхий сайд Марк Карнигийн хэлэх үгийг харуулдаг төхөөрөмж болох телепромптер гацжээ.
Телепромптер нь урьдчилан бэлдсэн хэлэх үгийг ярьж буй хүнд камерын өмнө гүйлгэж харуулдаг нууц дэлгэц юм.
Энэ үеэр Карни инээмсэглээд “Би үүний ард ямар нэг хуйвалдаан байхгүй гэж бодож байна” гэж хэлсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаар тохуурхсан хэрэг байв.
Трамп өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор очиход урсдаг шат нь гацаж, телепромптер нь ажиллахаа больж байсан юм. Тухайн үед бухимдсан Трамп эдгээрийг өөрийнх нь эсрэг ямар нэг хуйвалдаантай холбон сэжиглэж, мөрдөн шалгах үүрэг өгч байжээ.
“Телепромптер эвдэрснийг би та бүхэнд хэлмээр байна. Зарим нэг удирдагчаас ялгаатай нь би үүнийг ямар нэг хуйвалдаан гэж үзэхгүй байна” гэж Карнийг хэлэхэд танхимд байсан хүмүүс инээлдэж байв.
Цагаан ордноос энэ талаар тайлбар хүсэхэд хариу өгөөгүй юм.
Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Трамп өөрийн хойд хөрш Канад улстай харилцах харилцааг эрс муутгаад байгаа.
Тэрбээр Канадын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулж, АНУ-ын 51 дэх муж болгох санаархлаа удаа дараа илэрхийлж байлаа.
Үүний хариуд Марк Карни улс орноо АНУ-ын дипломат бодлого, эдийн засгийн хараат байдлаас салгахын төлөө идэвхтэй ажиллах болсон юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
