Хунтайж Харри, гэргий Меган, хүүхдүүдийн хамт зургаан жилийн дараа буцаад Их Британид нүүж ирлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хунтайж Харри гэр бүлийн хамт Лхагва гарагт Их Британид нүүж ирснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Хэдхэн хоногийн өмнө Харри, Меган нар зургаан жил амьдарсны эцэст АНУ-ын Калифорни мужаас Их Британид нүүж ирэхээр болсноо зарласан юм.

Энэ шийдвэр хааны гэр бүлийнхний хувьд ч гэнэтийн цочир мэдээ байлаа.

Тэд Лондон хотын гадна хаа нэгтээ суурьшиж, урт удаан хугацаагаар амьдрахаа мэдэгдсэн юм.

Сассексийн гүн, гүнгийн ахайтан хоёрын 7 настай хүү, хунтайж Арчи, 5 настай охин, гүнж Лилибет нар есдүгээр сараас эхлэн Их Британид сургуульд суралцах гэнэ.

Тэдний хаана суурьших, хүүхдүүд нь ямар сургуульд орох талаар мэдээллийг нууцалж байна.

Гэхдээ тэд хааны ордонд амьдрахгүй, албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй нь тодорхой болжээ.

Хос хоёр 2020 онд хааны гэр бүлийнхний гүйцэтгэдэг албан ёсны үүргээсээ татгалзаж, бие даасан амьдралаа эхлүүлэхээр Калифорни руу нүүж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Харри болон хааны гэр бүлийнхний ээдрээтэй харилцаа, Их Британийн засгийн газар түүнд аюулгүй байдлын хангалттай баталгаа гаргаж өгөөгүй зэрэг сэдвүүд хэвлэлийн хуудаснаас салаагүй.

Хаан Чарльз тэдний буцаж ирэх гэж байгааг олон нийтэд зарлахаас нь хэдхэн хоногийн өмнө мэджээ.

Ямартай ч тэд хэргэм зэргээ хадгалах ч үүнийхээ төлөө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн хатан хаан Элизабетын үеийн тохиролцоо хэвээр үлдэж байгаа юм байна.

Сүүлийн саруудад Харри болон хаан Чарльз нарын харилцаа эрс сайжирсан. Өнгөрсөн сард Харри гэр бүлээрээ Британид зочлоход Чарльз 2022 оноос хойш хараагүй байсан ач нартайгаа уулзсан юм.

Гэсэн хэдий ч энэ үеэр Харри угсаа залгамжлах хунтайж, өөрийн ах Уиллямтай бараг харилцаагүй бөгөөд хааны гэр бүлийн бусад гишүүдтэй үүсгэсэн маргаан зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой байна.

Харри 2018 онд Уиндсорын шилтгээнд АНУ-ын иргэн, жүжигчин асан Меган Мэрклтэй хуримлаж байв.

Гэвч удалгүй хааны гэр бүлийн бусад гишүүдтэй харилцах тэдний харилцаанд ан цав гарч эхэлсэн юм. Харри, Меган нар гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа Калифорни мужийн Санта Барбарагийн ойролцоох Монтеситод суурьшсан байна.

Тэд яагаад буцаж ирэх болсон нь тодорхойгүй байгаа.

Зарим ажиглагчид тэдний бизнест бэрхшээл тулгарсан, АНУ-д амжилт олох боломж хязгаарлагдсан, буцаж ирснээр нэр хүндээ өсгөж, дахин олны анхаарлын төвд орох боломжтой гэж үзсэн зэргээр таамаглаж байна.

Бас Меган жүжигчний замналаа үргэлжлүүлж магадгүй талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Харри өмнө нь хүүхдүүдээ Их Британид өсгөж, өвөөтэй нь ойр байлгах хүсэлтэйгээ тодорхой илэрхийлдэг байсан. Ялангуяа 77 настай хаантны бие чилээрхэж, хорт хавдраа эмчлүүлсэн нь түүний шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй юм.

 

Эх сурвалж: Reuters