Хиймэл оюуны хөгжлийг хязгаарлах, удаашруулах шаардлагатайг Билл Гэйтс анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг Билл Гэйтс хиймэл оюуны хөгжлийг хязгаарлах шаардлагатай, үгүй бол хүн төрөлхтөнд учруулах хор хөнөөл нь өгөх сайн зүйлсээсээ давж болзошгүйг анхааруулжээ.

Тэрбээр хувийн блогтоо бичсэн 6,000 үгтэй нийтлэлдээ “Хиймэл оюун нь нэг бол хамгийн аугаа тэнцвэржүүлэгч хүч, эс бөгөөс шударга бус байдлын хамгийн том эх үүсвэр болно. Хиймэл оюуны үймээн самуунтай эрин үе эхэллээ. Бидний одоо хийх сонголтууд маш чухал” гэж өгүүлсэн байна.

Билл Гэйтс бол хиймэл оюуны болзошгүй аюулын талаар анхааруулсан технологийн салбарын анхны удирдагч биш. Тэр өөрөө өнгөрсөн зууны компьютерын хувьсгалын гол тоглогч байсныхаа төлөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон.

Гэхдээ Гэйтс энэ зууны технологийн хувьсгал болох хиймэл оюун ухаан нь нийгэмд илүү их хор хохирол учруулах боломжтой гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

“Хамгийн сайнаар төсөөлсөн ч хиймэл оюуны шинэ эринд шилжих шилжилт нь хүн төрөлхтний түүхийн хамгийн хүнд цаг үеүдийн нэг байх болно. Гэсэн хэдий ч удирдагчид, мэргэжилтнүүд болон олон нийт үүнд хангалттай бэлдэж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байна. Хиймэл оюун ухааны эринд аюулгүй шилжих төлөвлөгөө бидэнд алга” гэж тэр бичсэн байна.

Хиймэл оюун нь хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарт асар их ашиг тус авчирна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Гэйтс илэрхийлжээ.

Гэхдээ нөгөө талаар ажилгүйдэл ихсэх, хүүхдийн боловсрол, нийгмийн хөгжилд хор хөнөөл учруулах, гэмт хэрэгтнүүдэд буруу зорилгоор ашиглагдах, хиймэл оюун өөрөө санаатайгаар хохирол учруулах зэрэг томоохон эрсдэлүүд байгааг тэр анхааруулсан байна.

“Загварууд улам хүчирхэгжих тусам тэд бидний ашиг сонирхлын эсрэг ажиллаж эхлэх, бидний хяналтаас гарах аюул нэмэгдэж байна” гэж Гэйтс анхааруулжээ.

“Хэрвээ хэн нэгэн дэлхий даяар хиймэл оюуны хөгжлийг удаашруулах найдвартай төлөвлөгөөтэй байгаа бол би дэмжих байсан. Гэсэн хэдий ч ийм зүйл боломжгүй гэж би бодож байна. Геополитикийн болон эдийн засгийн хөшүүрэг үүнийг улам бүр хурдасгаж байна” гэж тэр бичсэн байна.

Лхагва гарагийн орой CNN сувгийн Андерсон Купертэй ярилцахдаа Гэйтс “Тэд одоо кибер халдлагын эрсдэл, био терроризмын эрсдэл, сэтгэл зүйн эрсдэл учруулах чадвартай болсон. Эдгээр загваруудыг хянах тодорхой шалгуур, хор хөнөөлийг багасгах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй байгаа нь намайг үнэхээр айлгаж байна” гэж хэлжээ.

Бичсэн нийтлэлдээ Гэйтс хиймэл оюун ухаан болон роботоос татвар авч, ажлын байраа алдсан хүмүүст тэтгэмж олгодог болох, мөн зөвхөн хүмүүсийн хийдэг зарим ажлыг хиймэл оюунаар орлуулахыг хойшлуулах зэрэг санал дэвшүүлсэн юм.

“Удирдагчдад хандаж хэлэх миний үг бол: Ажилгүйдэл огцом нэмэгдэж, нийгэм хохирч, олон нийтийн итгэл буурахаас өмнө та нарт одоо арга хэмжээ авах боломж байна. Та хиймэл оюун ухаан хүн бүрд ашиг тусаа өгөх боломжийг баталгаажуулж чадна. Мөн та энэхүү үндэсний болон дэлхий нийтийн сорилтыг даван туулахын тулд бусад улс орнуудын засгийн газартай хамтран ажиллаж чадна” гэж Гэйтс бичжээ.

 

Эх сурвалж: CNN