АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Москвад айлчлахдаа Путинтэй уулзаагүйг Кремлийн хэвлэлийн алба батлав

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Тагнууулын Төв Газрын дарга Жон Рэтклифф нар

Мягмар гарагт АНУ-ын Тагнуулын Төв Газрын (CIA) дарга Жон Рэтклифф урьдчилан зарлалгүйгээр Москвад айлчлаад буцсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.

Уг айлчлалын үеэр тэр Оросын тагнуулын албаныхантай уулзаж ярилцсан боловч ерөнхийлөгч Путинтэй уулзаагүйг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков айлчлалын үр дүнгийн талаар Путинд мэдээлэл өгснийг баталсан байна. Гэхдээ тэр уулзалтын агуулгын талаар дэлгэрүүлэхээс татгалзжээ.

“Зөвхөн аюулаас хамгаалах албаныхан уулзсаныг би хэлж чадахаар байна. Оросын ерөнхийлөгчтэй ямар ч уулзалт болоогүй. Мэдээж, ерөнхийлөгч Путинд бүх мэдээллийг цаг алдалгүй өгсөн” гэж Песков энэ үеэр хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Рэтклифф ямар зорилгоор Москвад айлчилсныг тодорхой тайлбарлаагүй ч энэ айлчлалаас ямар нэг нааштай зүйл гарч магадгүйг хэлжээ.

“Одоо энэ айлчлалаас ямар нэг нааштай зүйл гарч магадгүй. Бид энэ дайныг дуусгахын тулд маш шаргуу ажиллаж байна” гэж тэр Glenn Beck Programme радио нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан юм.

ТТГ-ын даргын айлчлал НАТО-г өдөөн хатгаж болзошгүй Оросын үйл ажиллагаатай, эсвэл Ираны хориг арга хэмжээтэй холбоотой эсэхийг хөтлөгч асуухад Трамп “Эдгээрийн аль нь ч биш. Энэ бол тогтмол зохион байгуулагддаг төлөвлөгөөт уулзалтын нэг хэсэг байсан” гэж хариулжээ.

Үүнээс өмнө Рэтклиффийн өмнөх дарга Уиллям Бёрн 2021 оны арваннэгдүгээр сард буюу Украины дайн эхлэхээс гурван сарын өмнө Москвад айлчилж байсан юм.

Песков энэ удаагийн уулзалтын талаар “Ийм хэлхээ холбоо хоёр талын харилцааны хамгийн хүнд үеүдэд ч үргэлжилсээр байдаг. Ташрамд хэлэхэд манай ерөнхийлөгч өмнө нь үүнийг бас илэрхийлж байсан. Гэхдээ энэ уулзалт хоёр улсын харилцааг одоогийн гүн хямралаас гаргахад туслах эсэхийг хэлэхэд хараахан эрт байна” гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters

даваа