"Нэгдүгээр сургуулийн их засварыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сурагчдын суралцах орчныг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн их засварын ажлыг өнгөрсөн зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн.

Нэгдүгээр сургуулийн хичээлийн үндсэн байр нь 1940 онд баригдсан Монголын анхны дөрвөн давхар барилга бөгөөд олон жилийн ашиглалтын явцад барилгын инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна хийц, анги танхим, нийтийн эзэмшлийн хэсгүүдэд их засвар, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг хийж байна.

зураг
 

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, албаны хүмүүс тус сургуулийн их засварын ажлын явцтай танилцлаа.

Их засварын ажлыг Буяннэмэх интер ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын үндсэн даацын бүтээцийг хадгалан үлдээж, барилгын бусад бүрдэл хэсэг, инженерийн шугам сүлжээ, цахилгааны дотор монтаж, хана, таазны гипсэн угсралт, дотор халаалтын системийн угсралт, гадна фасадын өнгө сэргээх ажлыг хийж байна. Хичээлийн шинэ жилээс өмнө хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Нэмж дурдахад Нэгдүгээр сургуулийн их засварын өртөг гурван тэрбум төгрөг байхаар батлагдсан.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар