ХУУЛЬ: Жил бүрийн аравдугаар сарын 16-наас дараа оны наймдугаар сарын 20-н хүртэл тарвага агнахыг хориглодог

П.Сайнжаргал, IKON.MN
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Энэхүү бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ. Гэвч хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөтэй байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн аравдугаар сарын 16-наас дараа оны наймдугаар сарын 20-н хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг.

Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.