Г.Лхагвадорж: Засгийн газар 14 мега төсөл, Улаанбаатар хот 24 мега төсөл ярьсан боловч өнөөдөр ямар хэмжээний нөхцөл байдалтай байна вэ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан намаас шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тус намын Бодлогын ерөнхий зөвлөлөөс "Шатахууны хомсдолыг бууруулахын тулд шинэ эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Нийт импортын шатахууны 97 хувийг нэг улсаас авч буй хараат байдлаас богино хугацаанд гарах ёстой. Ардчилсан намын үед хийж байсан БНХАУ, БНСУ, Япон, Арабын орнуудаас шатахуун авах ажлуудыг сэргээх шаардлагатай" гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм. 

Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Сүүлийн 10 жилд тасралтгүй нэг нам засаглаж байгаа. Энэ улс оронд болсон сайн сайхан, муу муухай зүйлд эрх баригч нам хамааралтай. 2015 онд улсын төсөв 7.1 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 33 их наяд төгрөгөөр яригдаж байна. Энэ төсвийн өсөлт иргэдэд үнийн дарамт, дарга нарт ашиг болж байна. 

2015 онд Ардчилсан намыг засаглаж байх үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн асуудлыг шийдэж байсан. Нэг тэрбум ам.долларын зээлийн гарцыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж байхдаа шийдэж өгсөн. 

Гэтэл 10 жилийн дараа энэ үйлдвэр 20-30 хувьтай үргэлжилж байна, нэмээд мөнгө шаардлагатай гэдэг зүйлийг ярьж байна. 2014 онд дэлхийн нийтийн өмнө хоорондоо дайн тулаантай нөхцөл байдал үүсэх боломж бий болсон. Үүнээс хойш бодлогын шинэчлэл хийгээгүй. 2022 онд ОХУ болон Украины дайны асуудал үүссэн боловч бодлогын шинэчлэл хийгээгүй. 

40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай, 2.3 их наяд төгрөгийн Туулын хурдны зам, 5 их наяд төгрөгөөр Богд уулаа цоолж туннель барина гэдэг төсвийн эрэмбэ дараагүй зүйлийг хийж ирсэн. Шатахууны асуудал дээр Ардчилсан нам улс төржиж буй зүйл огт биш. Бодлогын хомсдолыг олон нийтэд дэлгэж байна.

2012-2016 онд шатахууныг өөр сувгуудаас авах ажлуудыг хийж байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 97 хувь нь зөвхөн нэг улсаас хамааралтай байна. Үүнийг шийдэхийн тулд төмөр зам, дэд бүтцийн хувьд бодлогын шинэчлэл огт хийсэнгүй.

Засгийн газар нь 14 мега төсөл, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төсөл ярьсан боловч өнөөдөр ямар хэмжээний нөхцөл байдалтай байна вэ. МАН-аас сонгогдсон хотын орлогч дарга Т.Даваадалай гэдэг хүн 20 гаруй тэрбум төгрөгийн ашиг сонирхлын зөрчил гаргачихсан явж байна. Энэ дээр хэн хариуцлага хүлээх вэ" гэв.