"Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай"

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ЗТЯ

2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ. 

Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл: 

  • 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн,
  • 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн,
  • харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулсан байна. 

Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ. 

Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлсэн байна.