Б.Найдалаа: Зарчмын хувьд цалин нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, зөв тогтолцоонд оруулах шаардлага байна

Х.Анхтуяа, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд тулгамдсан асуудалтай байгаа. Үр ашгийн асуудлаас болоод алдагдалтай, өртэй байна. Одоогоор цалин нэмэх тухай биш цалингаа тавих тухай ярьж байна. Бид үйлдвэрчний эвлэлтэй дахин уулзаж, ярина. Энэ салбарыг өөд нь татахын тулд уг салбарт ажиллаж байгаа 17,800 мэргэжилтнийг дэмжих ёстой. Хүний нөөцийн бодлогыг сэргээж байгаа. 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо(МҮЭХ)-той хамтраад зөвхөн цалингийн тухай асуудал биш хөдөлмөр аюулгүй байдлын тухай мөн цалингийн бүтцийг нь оновчтой болгох талаар хийх ажлууд бий. Зарчмын хувьд цалинг нэмнэ. Нэмэхийн тулд тооцож судлах, шударга болгох, зөв тогтолцоонд оруулах шаардлага байгаа юм.

Эрчим хүчний салбар бол төрийн алба биш. Хувьцаат компаниуд үйл ажиллагаануудаа явуулдаг салбар. Түүнээс Эрчим хүчний сайд цалин тогтоодог субъект биш. Харин салбараа, мэргэжилтнээ дэмжихийн тулд үйлдвэрчний эвлэлтэй хэлцэл хийж байгаа. Цаашид салбараа дэмжих үүднээс үйлдвэрчний эвлэл өөр өнцгөөс оролцоосой гэж хүсэж байгаа. Цаашид яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ" гэв. 

Дээрх хариултаас гадна эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр таван аймагт нарны цахилгаан станц барих нээлттэй сонгон шалгаруулалт зарласан талаарх мэдээллийг өглөө. Уг шалгаруулалтад хувийн хэвшлийн 135 компани эхний шатанд оролцсон бол хоёр дугаар шатанд 19 компани үнээрээ өрсөлдсөн байна. Тавдугаар сарын 7-нд анх зарлагдсан нээлттэй аукцион 42 хоногийн дотор шалгаруулалтаа явуулж, өчигдөр дууссан байна. Үүний дүнд 220 мегаваттын хүчин чадалтай, нарны цахилгаан станцын үүсвэрийг арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж эхэллээ. Мөн хэрэглэгчийн дундаж тариф хамгийн хямд буюу 5.98 цент байна. 

Түүнчлэн төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулсан нь эрчим хүчний салбарт шинэ үзэгдэл болсон гэдгийг салбарын сайд онцлов.