ДАШТ-ий стадионыг цэвэрлэдэг япон эрчүүдэд “гэрээ бас цэвэрлэдэг” болохыг эмэгтэйчүүд уриалав
Олон жилийн турш Японы хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) дараа тоглолт үзсэн цэнгэлдэх хүрээлэнгээ цэвэрлэснийхээ төлөө магтуулсаар ирсэн.
Харин энэ удаа тэд ар гэрийнхээ ажилд ингэж тусалдаггүй хэмээн шүүмжлүүлж байна.
Энэ долоо хоногт Японы хөгжөөн дэмжигчдийн стадион цэвэрлэж байгааг харуулсан зураг, бичлэгүүд тарсны дараа тэдний “хоёр нүүр”-ийн талаар мэтгэлцээн сошиал орчинд өрнөж эхэлжээ.
Тухайлбал стадионд хог түүж байгаа залуу гэртээ буйдан дээр зүгээр хэвтэж, эхнэр нь аяга тавгаа угааж байгааг харьцуулсан зурагт хуудас цахим ертөнцөд хүчтэй тарсан байна.
Уг зурагт хуудасны дор Японд эрчүүдийн ар гэрийн ажилд зарцуулдаг цаг дэлхийн бусад улс орнуудынхаас нэлээд доогуур байдгийг дурдаад “гэрийн ажилдаа илүү их оролцож байхыг” уриалжээ.
X сошиал платформд нийтлэгдсэн уг зурагт хуудас 60,000 гаруй “лайк” цуглуулсан байна.
Уг нийтлэлийн дор “Хүн бүр дэлхийг аврахыг хүсдэг ч ээждээ аяга таваг угаахад нь туслахыг хэн ч хүсдэггүй” гэсэн Америк зохиолч Пи Жэй О’Руркийн эшлэлийг нэг хэрэглэгч бичжээ.
“Эдгээр хүмүүсийн дунд гэртээ бага насны хүүхдээ, эхнэрээ орхиод ДАШТ үзэж яваа залуу байгаа” гэж өөр нэг хүн бичсэн байна.
Олон нийтийн газарт цэвэр цэмцгэр байх нь Японы соёлд гүн шингэсэн ойлголт юм.
Харин Японы эрчүүдийн гэрийн ажилд зарцуулдаг цаг өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн бага байдаг.
2021 оны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) тайланд япон эмэгтэйчүүд өдөрт гурваас илүү цагийг гэрийн ажилд зарцуулдаг бол эрчүүд нь үүнээс тав дахин бага хугацаа зарцуулдаг талаар дурджээ.
Энэ ялгаа залуу гэр бүлүүдийн дунд бүр их байдаг байна.
Сошиал орчинд зарим хэрэглэгчид Японы олон нийтийн газруудад хог хаягдал ихтэй байхад гадаадад очихоороо цэвэрлэдгийг нь “хоёр нүүртэй үйлдэл” гэж шүүмжилжээ.
Гэхдээ зарим нь үүнийг няцааж, Японы хөгжөөн дэмжигчдийн үйлдлийг шүүмжлэх биш, түгээн дэлгэрүүлэх ёстой гэж үзэж байна.
“Үүнд ичих зүйл юу байна вэ? Япончууд гадаадад хог хаяж байна гэсэн мэдээллээс хамаагүй дээр” гэж нэг нь бичжээ.
Үнэхээр тэдний үйлдэл бусад улс орнуудын хөгжөөн дэмжигчдэд нөлөөлж эхэлсэн байж магадгүй байна. Саяхан цацагдсан дүрс бичлэгт Португалийн хөгжөөн дэмжигчид тоглолт үзсэн стадионыхоо хогийг түүж байсан бөгөөд үзэгчид үүнийг япончуудын нөлөө хэмээн магтаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
