СУДАЛГАА: 2020 оноос төрөлт буурсан. Дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол 2050 онд хүн амын өсөлтийн хувь нэгээс доош утгад шилжинэ
Гэр бүлийн хөгжил, төрөлт, хүн ам зүйн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ зэрэг асуудал нь өнөөдөр Чингис хаан музейд болсон "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийн гол сэдэв байлаа.
2020 оноос төрөлтийн түвшин харьцангуй буурч одоогийн байдлаар нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн тоо 2.1 орчим байгаа нь цаашид хүн амын өсөлт ярихад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг судлаачид хэлэлцүүлгийн үеэр онцолсон. Энэ нь олон жил гэр бүлийн асуудалд дорвитой анхаараагүйн зэрэгцээ нийгэм-эдийн засгийн байдал, өнөөгийн залуусын үзэл бодол, үнэт зүйл өөрчлөгдсөн гэхчлэн олон хүчин зүйлтэй холбогдож байна.
Иймээс гэр бүл, төрөлтийг дэмжих цогц бодлогыг чанартай хэрэгжүүлэх онцгой шаардлагатай байгаа юм.
"Өнөөгийн залуусын хүүхдийн талаарх, амьдралын талаарх үнэт зүйл нь маш өөр болсон. Өмнө нь гэр бүл төвтэй байсан бол 2010-аад оноос хойш хувь хүн төвтэй болсон. Би ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Нэг эсвэл хоёр хүүхэдтэй болно гэдэг нь хүний эрхийн асуудал" болж байна хэмээн судлаач, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн доктор, профессор Х.Болормаа хэлж байв.
Төрөлтийг цогц бодлогоор дэмжихгүй бол 2050 оноос Монгол Улсын хүн ам буурах тооцоолол гарчээ
Түүнчлэн тэрбээр "1990-ээд оны эхэн үед нэг эмэгтэй дунджаар дөрвөн хүүхэд төрүүлж байв. Гэтэл 1990-1992 онд нийгэм-эдийн засгийн шилжилт явагдсанаар энэ тоо хоёр дахин буурч, нэг эмэгтэй хоёр хүүхэд төрүүлж байсан бол 2005 онд нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн тоо 1.9 болж, түүхэн доод хэмжээнд хамгийн ойртсон. Төрөлтийн түвшин хоёроос доошилбол хүн амын өсөлтийн талаар ярилтгүй болдог.
Угаасаа цөөн хүн амтай манай улсын хувьд төрөлтийг дэмжихгүй бол цаашид том асуудал болно" гэв.
Гэхдээ гэр бүл хөгжлийг дэмжих, хүн амаа өсгөх бодлогын арга хэрэгсэл байдаг ч шууд үр дүн гарах нь цөөн, урт хугацаанд тогтвортой чанартай үргэлжлүүлэх ёстойг судлаач Х.Болормаа онцолж, бодлогоо цогцоор нь, зохицуулалтын механизмыг нь маш сайн ашиглаж хэрэгжүүлж чадвал одоогийн байгаа түвшиндээ төрөлтийг хадгалж чадна гэсэн юм. Түүнээс биш залуучуудын сэтгэлгээнд нөлөөлж, 3-4 хүүхэд төрүүл гэх нь ямар боломжгүй юм.
Доктор Х.Болормаа "15-34 насны залуус гурван хүүхэд төрүүлмээр байгаа ч бодит нөхцөл, ажил амьдралын байдлаа харвал 1-2 хүүхэд л төрүүлэх боломжтой талаар судалгааны дүн гарсан. Хэдийгээр залуус олон хүүхэдтэй болмоор байгаа ч амьдралын мөчлөг, олон эрсдэлийг даван туулах шаардлагатай болдог. Иймд бодлого цогц байх, залуусын амьдралд тохиолдож байгаа эрсдэлийг даван туулахад төр дэмжлэг үзүүлэх механизмыг шийдэж өгөх хэрэгтэй.
Үүнийг шийдвэрлэхийн тулд
- 18-29 насныхны амьдралын мөчлөгт дэмжлэг үзүүлэх
- хүссэн хүсээгүй шилжилт хөдөлгөөнийг хуулиар зохицуулж, ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх шаардлагатай болж байна" хэмээлээ.
Түүнчлэн хүүхэдтэй болох нь зөвхөн хувь хүмүүсийн асуудал бус нийгмийн олон талт асуудал учраас аавууд болон ажил олгогч нарыг үүрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв.
"Бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажиллах нөхцөлийг ажилтан болон ажил олгогч нар зөвшилцөн дотоод журамдаа тусгана"
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд энэ талаар мөн туссан бөгөөд "Гэр бүлийг дэмжихэд ямар салбаруудад оролцох талаарх нь салангид байсан бол энэ хууль батлагдсанаар цогц байдлаар мэдээллийн санг түшиглэсэн хэлбэрээр ажиллана. Мөн ажил амьдралын тэнцвэрийг хангах талаар тусгасан. Олон улсад 10 чиглэлээр гэр бүлийг дэмждэг байна. Орон сууцны бодлогоор хангах, ажлын уян хатан цаг, эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэх мэтчилэн. Энэ бүх сайн туршлагыг судалсан.
Ажил олгогчдыг үүрэгжүүлэх тал дээр бага насны хүүхэдтэй эцэг эхийн ажлын цаг, ажиллах хэлбэр ямар байхыг байгууллага дотоод журмаар шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Ажилтан, ажил олгогч нар хоорондоо зөвшилцөөд дүрмээ батлах нь зүйтэй. Зөвшилцлийн үндсэн дээр явах ёстой. Нэг талаас энэ бол бизнесийн харилцаа ч гэлээ хуульд долоо хоногийн аль нэг өдөр зайнаас ажиллах, 1-2 цаг уртасгасан болон богиносгосон цагаар ажиллах боломж гэхчлэн бүх харилцааг зохицуулж өгч байгаа" хэмээн Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны ахлах шинжээч М.Цогтбаатар хэллээ.
Түүнээс шинээр гэр бүл болж буй залууст орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох асуудал тусгагдсан эсэхийг тодруулахад "Энэ асуудлыг өргөнөөр ярьж байгаа ч эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хамаарч байна. Мөн ганц энэ хуулиар зохицуулах асуудал биш, орон сууцны тусдаа яам бий, үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа" гэв.
Х.Баавгай: Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулж, хүүхдийг өмчлөх эрхээр хангах ёстой
Хүн амын өсөлтийн дэмжих асуудлаар Доктор Х.Баавгай "Хүн ам зүйн бодлого бол ирээдүйн хөгжлийн бодлого байдаг. Энэ нь гэр бүлээс эхэлнэ. Гэр бүл дотор хүний хөгжлийн асуудал бий.
Мөн бэлэн мөнгө өгснөөр төрөлтийг дэмждэггүй. Иймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр өгдөг биш хуримтлал үүсгэх тогтолцооны мөнгө байх ёстой. Хүүхдийн өмчлөх эрхийг хангах ёстой. Одоо бол амьжиргааны мөнгө болгоод байна. Тодорхой хувийг нь хуримтлуулдаг болгох хэрэгтэй. Тэгснээр 18 нас хүрэхдээ хүүхэд өөрөө захиран зарцуулж болно, улсын эдийн засгийн эргэлтэд ч нэмэртэй тул хуулийн төсөлд энэ тухай тусгах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
