Маргааш Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүллээ
Маргааш буюу зургаадугаар сарын 12-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Нөөлөг салхи гэж юу вэ?
Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Хэрхэн үүсдэг вэ?
Нөөлөг салхи нь агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг аж.
Агаар дээшлэн өтгөрөх тусам хөнгөн болж салхины хурдыг цаашид нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгодог. Аадрын үүлний урд зах дахь энэхүү хурдтайгаар өгсөх урсгал нь ард тал дахь уруудаж буй урсгалаас тусгаарлагддаг. Хүчтэй уруудах урсгал нь газрын гадаргад тулаад аадрын үүлний өмнөд хэсэгт салхины хүч нэмэгдэж эргэлэг үүсдэг.
Энэ хүчтэй уруудах урсгал нь хүйтэн, нэвт агаарын урсгал байх ба түүний урд захыг салхины өрөвхийлөлийн фронт гэж нэрлэдэг бөгөөд энд салхины хүч нэлээд эрчимждэг. Өрөвхийлөлийн фронт нь өмнөх дулаан чийглэг агаарын өгсөх хөдөлгөөнийг тэтгэн аадрын үүлэн дэх өгсөх хөдөлгөөнийг эрчимжүүлж улмаар аадрын үүл өөрөө өөрийгөө тэтгэх нөхцөлийг бий болгодог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

