Москвагийн ойролцоо автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас Оросын армийн өндөр албан тушаалтан амиа алджээ
Москвагийн ойролцоо автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас Оросын армийн өндөр албан тушаалтан амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Мягмар гарагийн өглөөний 5:30 цагийн үед Балашиха хот дахь гэрийнхээ ойролцоо BMW үйлдвэрийн автомашин жолоодож явсан хурандаа Дамир Давыдов уг дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн юм байна.
57 настай тэрбээр Оросын армийн их буу, пуужингийн хангамжийн газрыг удирдаж байсан бөгөөд Украинд байлдаж буй зэвсэгт хүчний түгээлт, ложистикийн гол хариуцагч байжээ.
Ийм дэлбэрэлт болсныг мэдэж байгаа, энэ талаар ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлэл өгснийг Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн алба баталсан байна.
Мөрдөн байцаах ажиллагааны талаар сэтгүүлчид асуухад хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Энэ талаар мэдээллийг задруулах боломжгүй. Мэдээж энэ бол манай тусгай албадын мэдэх асуудал” гэж хариулжээ.
Эх сурвалжуудын тараасан хяналтын камерын бичлэгт Давыдовын автомашин шатаж, хүмүүс түүнийг гаргахыг оролдож байгаа дүрсийг харуулсан байна.
Хэдийгээр түүнийг автомашинаас нь гаргаж чадсан ч удалгүй амиа алджээ.
“Түүний бүх хувцас шатаж байсан. Түүнийг харахад амьд үлдэх магадлал бага болсон нь тодорхой байлаа” гэж үүнд оролцсон гэрч ярьсныг Астра хараат бус хэвлэл мэдээлсэн байна.
Одоогоор Украины эрх баригчид энэ талаар байр суурь илэрхийлээгүй байна.
Дайн эхэлсэн цагаас хойш Оросын армийн хэд хэдэн өндөр албан тушаалтан тус улсын нутаг дэвсгэрийн гүнд байхдаа янз бүрийн байдлаар алагдаж байсан.
Сүүлийн халдлага нь жилийн өмнө Оросын зэвсэгт хүчний үндсэн үйл ажиллагааны газрын орлогч дарга, дэслэгч генерал Ярослав Москалик автомашинд дэлбэрч, амиа алдсан газраас холгүй болсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

