АНУ-ын хил дээрээс нутаг буцсан Сомалийн шүүгчид нутгийнхан нь хүндэтгэл үзүүлэв
Хэдхэн цагийн дараа нээлтээ хийх хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий нийт 104 тоглолтыг 52 шүүгч дэнслэхээр болсон юм.
Тэдэнд 88 туслах шүүгч, 30 видео дүрс хянах үүрэгтэй шүүгч туслах учиртай.
Харин 52 шүүгчийн нэг Сомалийн Омар Абдулкадир Артаныг террорист байгууллагатай холбоотой гэсэн сэжиг илэрсэн гэх шалтгаанаар Майамигийн олон улсын нисэх онгоцны буудлаас нутаг буцаасан байна.
Өнгөрсөн жил тивийнхээ шилдэг шүүгчээр шалгарч байсан Артаныг нутаг буцаасан нь олны дунд шинэ маргаан дэгдээсэн.
Саяхан 34 нас хүрсэн Омар Сомали Улсаас ДАШТ-ийг дэнслэх анхны шүүгчээр тодорсон ч ийнхүү хил дээрээс буцсан юм.
Тэрбээр 2018 оноос олон улсын зэрэгтэй шүүгч болсон бөгөөд 2024 онд Африкийн цомын тэмцээнд ажилласан аж. Улмаар ДАШТ-ий урьдчилсан шат болон Африкийн Аваргуудын лигийн тоглолтод оролцож байв.
АНУ-ын хилээс Туркийн Истанбул руу буцсан Омар эх орондоо очсон даруйдаа баатар болов. Сомалийн нийслэл Могадишо хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр хүндэт зочноор уригдсан түүнийг дэмжигчид нь олноороо цугларч, сэтгэлийн дэм өгсөн байна.
Сомалийн Засгийн газрын удирдах албан тушаалтнууд болон хөлбөмбөгийн холбооны зүгээс шүүгч эр дипломат паспорттой байсныг баталдаг.
Түүнд ямар нэгэн саад учруулахгүйн тулд дипломат паспорт олгосон гэдгээ Найроби дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгджээ.
Сомалийн Гадаад Харилцааны Яамнаас өнгөрсөн Лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

