Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд гэр бүлээ бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхийг тогтоох шинжилгээнд хамрагдаж болох тухай зааж, гэрлэхэд харшлах шалтгааны нэг нь бэлгийн чиг хандлага болохыг нарийвчлан тусгаж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэр бүл цуцлах үндэслэлүүдийг тодорхойлсон зэрэг шинэлэн заалтуудыг тусгажээ.
Шинэчлэн боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.
5.5.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.
7.2.Энэ хуулийн 5.3-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.
7.3.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг нөгөө тал гэрлэлт бүртгүүлснээс хойш мэдсэн тохиолдолд тус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
8.1.6.Гэрлэхэд ижил хүйсний байх харшилна.
9.4.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
10.1.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Тохиолдолд гэрлэлтийг дуусгавар болсонд тооцно:
13.5.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзана.
13.6.Энэ хуулийн 13.5-д заасны дагуу хүүхдийн саналыг авахдаа гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр дамжуулан авна.
13.13.Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
13.14.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
14.1.Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
16.2.Гэрлэгч, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн, эсхүл гэрлэгчийн хүсэл зоригийн эсрэг гэрлэлтээ бүртгүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэрлэлтийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцно.
19.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, эсхүл хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийх, эсхүл хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор, эсхүл ашиг олох зорилгоор гэрлэлтээ цуцлуулсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөл бүгд хангагдсан тохиолдолд хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед хамтран амьдрагчдын хувьд өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй бөгөөд хамтын амьдрал дуусгавар болсон тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх үүрэггүй.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
22.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрлэхийг хүсэгчид болон гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно. Гэрлэхийг хүсэгчид болон гэрлэгчид гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно.
22.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэгчид гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.
23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:
27.1.Донорын тухай хуулийн 18.5-д заасны дагуу эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэй нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан тээгч эмэгтэйтэй гэрээ байгуулж, хүүхэдтэй болсон, эсхүл өөрийн бэлгийн эс нь хүүхэдтэй болох боломжгүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хүн Донорын тухай хуулийн 18.7-д заасны дагуу батлагдсан журмын дагуу өөр хүний бэлгийн эсийг ашиглах нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан хүүхэдтэй болсон тохиолдолд гэрлэгчид гэрээний дагуу төрсөн хүүхдийн эцэг, эх байна.
27.5.Тээгч эмэгтэйн хүүхдийн эцэг, эхийг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүчирхийлэлгүй, эсхүл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж, хүүхдийг өөрийн төрсөн хүүхдээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
29.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
30.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 30.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзсан бол эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, хорооны Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч томилно.
31.3.12.хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
33.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
35.1.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-өөс 18 хүртэлх насны хүүхдэд насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх тохиолдолд бичгээр зөвшөөрөл олгох, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
38.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана:
41.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг хасна:
44.2.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ долоо, түүнээс дээш насанд хүрсэн хүүхдийн санал, гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн хийсэн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг харгалзан үзнэ.
45.3.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол энэ хуулийн 45.1-д заасны дагуу хүүхэд нь гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэхгүй байж болно.
47.1.Гэрлэлт дуусгавар болсноос нөхөр, эсхүл эхнэр дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй:
48.3.Эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй.
49.3.Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна.
49.8.Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол уг асуудлаар гаргасан сонирхогч талын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
50.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө.
50.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
51.1.Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг гаргуулж болно.
Дараах хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж /цаашид “асралт гэр бүл” гэх/ болно.
67.1.Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд хүүхдийг үрчлүүлэх эсэх асуудлаар санал гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
83.6.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал гаргах үүрэг бүхий Гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллана.
65.2.Үрчлэлт нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд үрчлэлтийн харилцаанд дараах зарчмыг баримтална:
69.3.Хүүхдийн үрчлэгдэхээс өмнө өмчилж, эсхүл эзэмшиж байсан хөрөнгийн эрх үрчлэгдсэний дараа хэвээр хадгалагдана.
69.4.Хүүхдийг үрчлүүлсэн эцэг, эх нь үрчлэн авсан эцэг, эхээс өөрсдийг нь тэжээн тэтгэхийг шаардах, бусад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардах эрхгүй.
69.5.Хүүхдийг үрчлүүлсэн эцэг, эх нь үрчлэн авсан эцэг, эхэд аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!