Умард Ирландад дэгдсэн цагаачдын эсрэг тэмцэл хоёр дахь шөнөдөө үргэлжилж, цагдаа нар усан буу ашиглажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирландад цагаачдын эсрэг иргэдийн тэмцэл, үүнээс улбаатай үймээн самуун, хүчирхийлэл үргэлжилж байна.

Мягмар гарагт цагдаа нар амийг нь хөнөөх зорилгоор бусдын биед хутгатай халдсан Судан улсын 30 настай цагаачийг баривчилсан юм.

Олон нийтийн дунд тарсан дүрс бичлэгт уг этгээд цустай хутгалдаж, газарт унасан хохирогч руу удаа дараа дайрсны эцэст ойролцоо явж байсан хүмүүс болон цагдаа нарт баригдаж байгааг харуулсан байна.

Хохирогч Стивен Огилви энэ халдлагын үеэр зүүн нүдээ алдаж, нөгөө нүд, нуруу, нүүрэндээ шархадсаныг хэвлэлүүд мэдээлжээ.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер уг халдлагыг “аймшигтай” хэмээн буруушаасан юм.

Үүний дараа Умард Ирландын нийслэл Белфаст хотод цагаачлалыг эсэргүүцсэн тэмцэл эхэлж, Мягмар гарагийн шөнө бухимдсан хүмүүс цагдаа нартай мөргөлдсөний улмаас хоёр албан хаагч шархадсан байна.

Жижиг хэмжээний эсэргүүцлийн ажиллагаанууд Англи, Уэльс, Шотландад бас өрнөжээ.

зураг
 

Тэгвэл Лхагва гарагийн шөнө Белфаст даяар хэд хэдэн цэгт хүчирхийлэл дэгдэж, орон сууц, автобус, автомашин галдан шатаасан хэргүүд гарсан байна.

Энэ шөнө Умард Ирландын цагдаагийн газар 200 орчим албан хаагчийг гудамж талбайд дэг журам сахиулахаар нэмж илгээжээ.

Мөн үймээн самуун дэгдээгчдийг тараахын тулд анх удаа усан буу ашигласан байна.

зураг
 

Энэ үйл явдал цагаачлалыг эсэргүүцэгчид, үндсэрхэг үзэлтнүүдийн идэвхийг сэргээсэн юм. Тухайлбал АНУ-ын тэрбумтан Илон Маск “Зөвхөн ДАХИН ДАХИН, ЧАНГА эсэргүүцэл үзүүлснээр ямар нэг өөрчлөлт авчрах болно!” гэж сошиал хуудсандаа бичээд исламын эсрэг үзэлтэн Томми Робинсоны орон даяар жагсаал цуглаан явуулах уриалгыг дахин нийтэлсэн байна.

Харин хохирогчийн гэр бүлийнхэн хүчирхийллийг зогсоохыг уриалсан мэдэгдэлдээ “Бид энэхүү аймшигт явдлыг хүмүүсийг хагаралдуулах, дайсагналыг өдөөхөд ашиглахыг хүсэхгүй байна” гэж уриалсан юм.

Лхагва гарагт тэд дахин “Бидний үнэт зүйлс өөр тул хайртай дотнын хүний маань нэрийн өмнөөс ийм зүйл битгий хий” гэж уриалжээ.

Сэжигтэн Хади Алодид аллага үйлдэхийг завдсан, хутга эзэмшсэн хэргээр Лхагва гарагт шүүх хуралд оролцсон байна. Шүүгч энэ үеэр түүнийг батлан даалтаар суллахаас татгалзжээ.

Тэрбээр 2023 оны хоёрдугаар сард Парисаас Дублин хотод онгоцоор нисэж ирсний дараа Умард Ирландад нэвтэрсэн хүн юм байна.

Алодид ирсэн даруйдаа улс төрийн орогнол хүсэж, 2028 оныг хүртэл оршин суух зөвшөөрөл авч байжээ.

Одоогоор түүний халдлагыг терроризмын сэдэлтэй гэх нотолгоо олдоогүй байгаа гэнэ.

Умард Ирландын хууль зүйн сайд Наоми Лонг хүчирхийлэлд уриалж байгаа хүмүүсийг “бусдын зовлонг зэвсэг болгон ашиглагчид” хэмээн шүүмжилжээ.

“Энэ талаар онлайн орчинд уриалж, турхирч байгаа Илон Маск мэтийн хүмүүс Умард Ирландад өчүүхэн ч санаа зовохгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Өчигдөр гудамжинд гарсан залуусын төлөө Маск тэднийг радикалчлахаас өөр юу ч хийгээгүй” гэж тэр мэдэгдсэн байна.

Умард Ирландын тэргүүн сайд Мишель О’Нилл “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, айлган сүрдүүлэлт, хүчирхийллийг хаана ч зөвтгөх аргагүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN