Индэр    
23 минутын өмнө
Зураг
Эдийн засагч, шинжээч

Хүүе ээ, ичээч ээ

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед эрх баригчид нэг ийм агуулга ярих боллоо.

  • Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Бүү муу амла
  • Монголын заяа их шүү дээ
  • Монголчууд ямар байснаа мартаж болохгүй, байгаагаа бүү чамла гэх мэтээр хөвөрч өгч байна.

Та нарт өдөр тутмын үнийн өсөлт, ханшийн уналт, ажилгүйдэл ерөөс мэдрэгдэхгүй. Өдөр бүр ажилдаа явж, орлого олж, түүнээсээ татвараа төлж, үлдсэнээр нь өрх гэрийнхээ амьжиргаа залгуулдаг тэр амьдралыг та хэд огтхон ч төсөөлөхгүй. Дээр нь ямар орчин нөхцөлд гэдгийг бодоод үз. Түгжрэлтэй, утаатай, бохирдолтой, үнийн өсөлт, тогны хязгаарлалт, өр зээлтэй, өвчин зовлонтой.

Өнөөдөр Монголын эдийн засгийг хэдхэн тоогоор хэмжээд тэрэндээ итгүүлэх гээд үзээд байх шиг байна. Манайх шиг жижиг улс Хятадтай ижилхэн хурдаар өсөх гэдэг нь эмгэнэл. Уг нь хэмжээгээ бодвол бидэнд 10-с дээш хувийн өсөлт дор хаяж хэрэгтэй. Гэтэл үүнийгээ ч ухаж ойлгохгүй юм. Ойлгож байгаа ч сонирхол алга уу.

Тэгж өсөөгүйгээс юу болж байна вэ?

  • Инфляц 11 хувь давлаа. Хурдаа нэмлээ. Төрөөс эрчим хүчний реформ хийж, шатахууны хомсдол үүсгэснээр инфляцыг өрдлөө. Одоо нэмээд махны үнийн өсөлт зуузай холбон орж ирлээ.
  • Орлого, цалингийн өсөлт чинь инфляцын хурдыг гүйцэхээ байлаа. Бодит цалин буурч байна. Амьжиргаа дордлоо. Нэг талдаа тэтгэвэр, багш, эмч гээд цалинг нь өсгөөд байдаг. Нөгөө талдаа инфляц, татвараар суутгаад авчихлаа. Дүндээ дүн болохоор байна.
  • Төсөв дээрээ бөөн зардал овоолчихсон. Тэрийг нь бүрдүүлэх гэж энэ иргэд, аж ахуйн нэгжүүд чинь арчаагаа алдаж байна. Эхнээсээ хана мөргөөд хаалгаа барилаа.

Эндээс дор нөхцөл байдал гэж байсангүй. Бид тасралтгүй уруудаж байна. Улс уруудахад ёроол гэж байхгүй шүү. Ёроолдоо унаад эргэн гэж найдаж байгаа бол эндүүрэл. Үргэлжлэн унасаар л байдаг. Үүнийг Аргентин, Шри Ланк, Венесуэл зэрэг олон улс орнуудын нөхцөл байдлаас харж болно.

Өдөр бүр ажилдаа явж, орлого олж, түүнээсээ татвараа төлж, үлдсэнээр нь өрх гэрийнхээ амьжиргаа залгуулдаг тэр амьдралыг та хэд огтхон ч төсөөлөхгүй

Ийм байхад эерэг байхыг ард иргэд, аж ахуйн нэгжээсээ хүсэж байна гэдэг бол үнэхээр л мунхаглал. Засгийн газар “Чөлөөлье” гэдэг уриа лоозон тавьж байгаа бол бодит байдалтайгаа нүүр тулах хэрэгтэй. Тэр бодит байдал бол яав ч эерэг биш. Аж ахуйн нэгжүүдээ гар, хөлийг нь чөдөрлөчхөөд ташуурдаад байдаг байдал одоо ч хэвээр байна. Иргэдийн карманд шургуулсан татвар том савраа татаж гийгүүлсэн юм юу ч алга байна. Үеийн үед эрх баригч та бүхэн ярьдаг, амладаг, уянгалдаг. Харин хийдэггүй.