Хэдүүлээ нэг их хувирч бариад, нүүр амаа будаад байх хэрэггүй дээ. Угаасаа “Halloween” шиг л амьдарч байна. Ялангуяа Улаанбаатар бол Halloween-д зориулаад чимэглэсэн хот. Гаднаас яг энэ үед жуулчид урьж, үзүүлэх хэрэгтэй. Нүүрстэй өрсөлдөхүйц ам.доллар олж ирнэ. Ямар ч кино компаниас илүү. Бүх зүйлс нь бодит.
Гаднын жуулчин ирээд Улаанбаатар руу ширтээд “энэ их өтгөн хар саарал манан юу бэ” гэж гайхширна. Аймшгийн кинон дээр иймэрхүү манан дунд л хамаг юм болдог доо гэж жихүүдэс үе үе төрнө. Үүнийг батлах мэт утаан дундаас хар хувцастай, нүүрээ нуусан хүмүүс гарч ирээд алга болно. Кинон дээр бол энэ үзэгдлийг гаргах гэж маш их зардал гаргана.
За цаашлаад замын түгжрэл эхэлнэ. Хагас галзуу мэт хоорондоо уралдан сигналдах жолооч нар GTA гэх тоглоомын хэсгийг санаанд буулгах аж. Зам дагуу автобусны зогсоол дээр автобус руу чихэлдэн дайрах хүмүүс яг л зомби мэт. Бараг жолоочийг нь барьж идээ биз. Зам дагуу машины урт цуваа ШТС хүртэл үүссэнийг харвал шатахуун авах гэж буй бололтой. Харин замын нөгөө талд хар шөнөөр хүмүүс оочирложээ. Хэрэгт дурлан харваас, жижиг уутанд савласан мод, нүүрс харагдана. 200 жилийн өмнөх архивын зурагт л ийм үзэгдэл байдаг.
Манан гүнзгийрсээр, түгжрэл ч ихэссээр хотын төв рүү орно. Хэсэг иргэд талбай дээр жагсаж буй бололтой. Үе, үе нарийн шингэн дуу цагаан хоолойгоор цангина. Барьсан уриа лоозонг нь харвал, багш, эмч нар аж. Тэд ачаалал ихтэй, бага цалинтай ажилламааргүй байна гэжээ. “Halloween” хотын сошиал орчинд нэг хөгжилтэй гэх үү яриа гарсан нь “Нэг сурагч нь багш жагсаад л байгаасай, хичээл орохгүй амар” гэжээ. Харин өвчтөн бол тэгж бодохгүй биз ээ.
Талбайн хойд талын саарал ордон нь Halloween-ын оргил хэсэг. Учир юу гэвэл, сүүлийн гурван сарын турш эмгэнэлт, аймшгийн жүжгийг энэ саарал ордонд тавьж байгаа аж. Эхэндээ сонирхолтой мэт санагдаж, иргэд нь гол дүрүүдээс болж хоёр хуваагдан үзэлцжээ. Харамсалтай нь ийм жүжиг үзээд амьдрал урагшлахгүйгээс хойш нөхцөл байдал бахь байдгаараа л үлдэнэ.
Яахав төгсгөлд нь … Хэдүүлээ яахав, олон жил амьдарчихсан болохоор хэн хэнээсээ айхгүй байгаа юм. Гаднын хүн амьтан бидний “Halloween” шиг амьдралаас айх нь эргэлзээгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!