Томуутай төр
Редакцын бус нийтлэл
Дэлхийн нийт томууны улиралтай. Ирж явж байдаг, ихсэж багасаж байдаг зүй тогтол юм даа. Энэ удаад томуу өвчинг бус томуу өвчинтэй төрийн тухай л ярих юм.
Томуу шиг дэгддэг төрийн асуудлууд их бий. Анагаах ухаандаа бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, вакцин гээд хариу арга хэмжээ нь тодорхой байдаг. Харин манай төрд томуу шиг асуудлаа шийдэх, сэргийлэх бодлого түй ч байхгүй. Лай ланчгийг нь иргэд, ААН-үүд үүрдэг. Эхнээс нь дурдъя.
- Шатахууны хомсдол. Миний мэдэхээр сүүлийн 15 жил энэ асуудал давтагдсан хэвээр байна. Шатахууны хомсдол үүсмэгц л өнөөх хэдэн импортлогч нараа дарамталж, ард түмэнд нь барьж өгдөг. Хятадаас бензин авах боломжтой гэж ярьдаг ч ганзага хоосон ирдэг. Арга бараад хойд хөршөөс гуйлга гуйна. Яахав улс төрийн нөлөө, картель зэрэг янз бүрийн шалтгаан байгаа л байх. Гэхдээ байнга илэрдэг ийм асуудалд авах хариу арга хэмжээг өдийд стандарт болгочих ёстой биз дээ. Тэгэхгүй бол бараа, үйлчилгээний өртгийн суурь нь шатахуун. Шатахуун өслөө, бүх юм дагаад өснө. Эндээс иргэд л хохирдог юм.
- “Эрчим хүчний реформ” нэртэй үнийн өсөлт. Энэ асуудал бас л сүүлийн хэдэн жил чих хангинуулж байна. Эрчим хүчээ өртгөөр нь зарж чадахгүй, хямд зарж байна гэж гомдоллоно. Тэгээд үнээ өсгөчихнө. Зардлаа тайлагнахгүй. Ланд 300-н тендер зарлан, хэвлэл мэдээлэлтэй хаалтын гэрээ байгуулна. Сүүлд эрчим хүчний реформ гэх сүржин нэртэй ажиллагаанаас болж, инфляцад 1-2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн. Бас л бүх бараа, үйлчилгээний суурь өртөг тог, цахилгаан гэдгийг ойлгодоггүй. Жирийн иргэдэд энэ бүх дарамт нь ирдэг.
- Өрөнд баригдсан ААН. Ковидоос хойш ААН-үүдийн татварын өр огцом өслөө. Өмнө нь ч бас үүсэж байсан. Өрийг нь тэглэсэн ч томуу шиг дахиад л дэгдлээ. Энэ удаад нийтдээ 3.5 их наяд төгрөг буюу төсвийн 10 орчим хувьтай тэнцэх мөнгө. ААН-үүд чинь ийм аймшигтай орчинд бизнесээ хийж чадахгүйг баталж байна. Авах татварт биш зарцуулах хэсэгтээ анхаармаар байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хамгийн сүүлийн үеийн утаа шүүгч төрийн ордондоо тавьчихдаг. Өглөө, орой нь ногоон гэрлээр гэр, ордон хооронд төрийн машинаар явчихдаг. Өөрсдөө утаагүй бүсдээ амьдарчихдаг.
Энэ мэтчилэн томуу шиг дэгдэх олон асуудал шил дараалан үргэлжилсээр... Ийм төрийг томуутай төр гэхээс юу гэхэв. Томуугаа эдгээж чадахгүй, эдгээх аргаа эрэлхийлэхгүй, эдгээх ч хүсэлгүй. Ийм л байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!