Индэр    
0 минутын өмнө
Зураг
Эдийн засагч, шинжээч

Өдрийн эрвээхэй шиг настай ЗАСГИЙН ГАЗАР

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг өдрийн настай эрвээхэй гэж амьтан бий. Авгалдай байхдаа 1-3 жил амьдраад насанд хүрээд 1 өдөр л амьдардаг онцлогтой. Тэгэхээр гол зорилго нь урт амьдрах биш зүгээр л үржихэд зориулагдсан гэсэн үг.

Монгол улсын Засгийн газар дунджаар 2 жилийн настай. Энэ нь эдийн засгийн мөчлөгөөр бодоход нэг өдрийн настай эрвээхэйгээс ялгаагүй. Учир нь энэ хугацаанд ямар ч ЗГ дорвитой өөрчлөлт хийж чадахгүй. Эхний жилдээ Ерөнхий сайд нь хамт ажиллах сайдуудаа томилж, хоёр дахь жил сайдууд нь хүмүүсээ томилох гэсээр огцорчихдог.

Богино настай ЗГ-тай үед төрийн бодлогын залгамж халаа гэж үгүй. Төрд санах ой байхгүй. Нэгэнт юу ч санахгүй хойно дуртайгаа хийнэ. Юу дуртайгаа хийхэд мөнгө хэрэгтэй. Мөнгө нь татварын мөнгө юм. Уг нь энэ мөнгө утаа, түгжрэл, дулаан цахилгаан, ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн суурь асуудлуудтай тэмцэхэд зориулагдсан юм. Нэгэнт удахгүйгээ мэдсэн хүмүүс ийм асуудалтай зууралдахгүй. Тэд яаж энэ боломжийг ашиглах тухай л бодох юм. Тэгэхээр өнөөх эрвээхэй шиг урт амьдрахдаа биш үржихдээ санаа зовох нь байгалийн хууль мэт. Инээдтэй гэх үү нэг жишээ хэлье. ЭМ-н сайд ямар ч эмнэлэг коридорт хүн авахгүй гэх тушаал гаргажээ. Тэгсэн эмнэлэг нь тэрийг мөрдөх гээд 5 хүнтэй ортой тасагтаа 10 хүн чихсэн гэнэ. Өвчтөнүүд коридортоо эргэн гарахын хүсэл. Юмыг нь аргална гэдэг энэ аж.

Богино настай ЗГ-тай гадныхан юм ярихад хэцүү. Олон улсад шинэ дэг журам тогтож, бүгд амь амиа бодоорой гэх маягтай болчихлоо. Ер нь ковидоос хойш манай ЗГ гадны ямар нэг оронтой хамтын ажиллагаа эхлүүлсэн үү. Үгүй л байх. За энэ ч дүүрч, гадны хөрөнгө оруулагчдад хэцүү. Саяхан Рио Тинтогоос Ерөнхий сайдтай уулзалт хийв. Явц ямар байсныг хэлж мэдэхгүй ч одоо Учрал гэх хүнтэй дахин уулзаж, асуудлыг эхнээс нь ярихаар болов. Энэ бол зөвхөн ОТ-н жишээ. Өөр цаана нь маш олон гадны хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрүүд бий.

Богино настай ЗГ-тай үед жинхэнэ хүч төрийн дунд шатанд төвлөрдөг. Ордны хүчийг тайган барьдаг. Хаанаасаа хаалгач нь ч гэх үг бий. Төрийн албан хаагчийн тоо өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 2 дахин өслөө. Нийт ажил хийдэг хүмүүсийн 20%-нь төрд байна. Саяхан энэ тоог цомхотго гэдэг үүрэг өгтөл дарга нар нь бус ТӨК-н үйлчилгээний ажилтан өртөж байх жишээний.

Хэдэн мянган жилээр хэмжигдэх төр улсыг 2 жилийн цикл-тэй удирдана гэдэг бол элэглэл. Хэрвээ систем нь ийм тогтворгүй юм бол төрийн бодлого, хөгжлийн төлөвлөгөө тусдаа явах боломжийг хангах ёстой. Нээрээ мартсан байна. Хөгжлийн төлөвлөгөө чинь намын мөрийн хөтөлбөр болоод удаж байгаа бил үү.