XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн эдийн засгийн өнгийг тодорхойлъё.
2026 оны эдийн засгийн зурхайд дээрх зураг буужээ. Унасан морь нь Монголын эдийн засаг гэж бодвол нэлээд ядарсан дүр зурагтай. Уух ус, идэх өвс ховор, асга хадтай газраар бүдчин явж буй харагдана.
Энэ нь эдийн засгийг нуруундаа үүрч буй Аж Ахуйн Нэгж(ААН)-үүд татварын дарамтад орж, үүд хаалгаа хааж байгааг илтгэнэ. Түүнчлэн түүхий эд зардаг манай улсад нүүрсний тоо хэмжээгээ өсгөсөн ч үнэ навс унасан. Алт үнэтэй ч түүнийгээ ашиглаж чадахгүй. Улмаар энэ оны экспорт огцом өсөж, ам.доллар орж ирэх боломж бага харагдана. Улмаар уул уурхай, түүнийг дагасан тээвэр, худалдааны салбаруудад төдийлөн огцом өсөлт харагдахгүй байна.
Уулын цаана аадар бороо орж буй нь төсвийн сахилга батыг илтгэнэ. 2027, 2028 онуудад дараалсан сонгуулиуд явагдах бөгөөд энэ нь төсвийн зардал хяналтгүй тэлэх эрсдэлтэй гэсэн үг. Хэдийгээр төсвийн мөнгөний нөлөөгөөр эдийн засагт мөнгө орж ирэх ч аадар бороо буюу газарт чийг өгөхгүйгээр үер болон өнгөрөх нөлөөтэй юм. Үерийн ус нь хэсэг тогтсон жалга орчимдоо тогтож, тэр хавийнхаа цэцэг ногоог ургуулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэгтэй бизнесүүд цэцэглэх ч энэ газар бүхэлдээ ган гачигтай, өвс ногоо тарчиг буйг харж болох юм.
Морин дээр суусан богцтой хүүхэд нь хааш явж буйгаа төдийлөн мэдэхгүй, жолоогоо сул барих аж. Энэ хүүхэд нь Монголчуудыг илэрхийлнэ. Монгол хүн эх орондоо ажил төрөлтэй, амар тайван амьдрах боломж хомс байна. Нийгмийн стресс, үнийн өсөлт, татварын дарамт, дампуурсан систем(эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр), популист эрх баригчдаас залхсан харагдана. Нэгэнт ийм газраар удаан явж буй болохоор өлсөж, цангахгүйн тулд өөрийн гэсэн богцтой(хуримтлал, хөрөнгө оруулалт) байх ёстой. Тэгэхгүй аваас зам хол, бартаа их харагдана.
2026 онд эдийн засгийн зурхай л ийм л байна. Гутранги дүр зураг нь бидний бодит байдал болжээ. Эрх баригчдын ярьж буй шиг инфляц хоёр дахин буурч, эдийн засаг хоёр дахин илүү өсөөд байгаа юм ерөөсөө ч алга. Хувь хүн бүр бодолтой байж, хувийн санхүүдээ анхаарч явахаас аргагүй гэдгийг баяр давхцуулан бичих нь илүүц буй заа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!