Б.Пүрэвдагва: Метро төслийн хоёр дахь шатны тендерийг долоодугаар сард зарлана

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч "Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн нэг “Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана. “Улаанбаатар Метро” төслийн санхүүжилтийг босгоход Их Британийн экспортын санхүүжилтийн байгууллага UK Export Finance-тай хамтрах боломжтой.

Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км үргэлжлэх “Улаанбаатар Метро” төслийг хугацаа алдалгүй урагшлуулна. Улаанбаатарыг хот хүндээ ээлтэй, ногоон байгууламжтай хот болгохыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа"- г дурдсан байна.

зураг
 

Харин Их Британи Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн хотын бодлогыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Сануулахад метро төслийн II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлуулаад байгаа билээ. Энэ онд нийслэлийн төсвөөс уг төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Метрог барих бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг.

Толгойтоос Амгалан хүртэл явах метро нь 15 өртөөтэй, 19 километр урт замтай байна. Өртөө бүрийг дээрээс хайрцаглаж ухна. Өртөө хоорондын зай 800-1.7метр, хос туннель 30 километр урттай байна.