Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” ХХК (Crossrail International Ltd)-ийн гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн иржээ.
Тус компанийн зүгээс Монгол Улсын Эдийн засгийн форумд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” (TOD) төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх зорилгоор ирсэн байна. Тэд Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар хотын даргатай өнөөдөр санал солилцжээ.
Улаанбаатар метро төсөл дээр “Кроссрэйл Интернэшнл” компанийг стратегийн зөвлөхөөр ажиллаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчид төслийн санхүүжилт болон экспортын тал дээр хамтран ажиллах саналаа бататгаад байгаа билээ.
Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк. Уг банк нь энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.
JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр "Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно" гэжээ.
Өнөөдрийн байдлаар метро төслийн байгаль, нийгэм орчны нарийвчилсан үнэлгээний судалгаа хийгдэж байгаа бөгөөд төслийн барилгын бүтээн байгуулалт 2026 оны гуравдугаар сараас эхлэх бол энэ намар талбайг бэлтгэх, логистик, гадаад улсаас тоног төхөөрөмжүүдийг хүлээж авах юм байна.
Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 километр урт метроны шугамтай байхаар төлөвлөж, үүнээс 19.1 километр 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана гэж албаны хүмүүс мэдээлээд буй.
Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байх ба галт тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байх аж.
Найман их наяд төгрөгөөр Улаанбаатар хотын метрог барих нэгдүгээр шатны тендерт гадаад, дотоодын 27 компани саналаа ирүүлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!