NASA-ийн тэргүүн Artemis III сарны аяллын багт дан эрэгтэй сансрын нисэгчид багтаасан шийдвэрээ хамгаалав
АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA саяхан сарны хөтөлбөрийн дараагийн аяллын багийн бүрэлдэхүүнээ зарласан юм.
Artemis III багийн дөрвөн сансрын нисэгч бүгд эрэгтэй байсан нь олон талын оролцоог хангах зарчмаас ухрах ерөнхийлөгч Трампын заавар байж магадгүй гэсэн шүүмжлэлийг бий болгосон байна.
Тэгвэл NASA-ийн захирал Жаред Айзакмэн “багийн гишүүдийн сонгон шалгаруулалтад улс төрийн нөлөө ороогүй” гэж өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.
“Сансрын Нисэгчдийн Алба нь туршлага, тодорхой хөтөлбөрүүдэд гүйцэтгэсэн үүрэг, мэдлэг чадвар зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр даалгаврыг биелүүлэх хамгийн өндөр боломжтой багийн гишүүдийг сонгодог” гэж тэр бичсэн байна.
Artemis хөтөлбөрийн гурав дахь шатанд Orion сансрын хөлгийн туршилт, сарны газардагч төхөөрөмжийг залгах туршилт зэрэг ажлууд багтах боловч сар руу аялахгүй юм.
NASA өмнө нь эмэгтэй болон өнгөт арьст сансрын нисэгчдийг саран дээр буух багт оруулахаа амлаж байсан.
Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Трамп холбооны агентлагуудад DEI (Diversity, Equity, Inclusion) олон янз байдал, эрх тэгш байдал, оролцоо зэрэг нэр томьёог хөтөлбөр, бичиг баримтуудаасаа хасах чиглэл өгсний дараа NASA мөн зарим вэб сайтуудаасаа энэ талаар амлалтуудаа устгасан юм.
Энэ нь NASA-ийн амлалт хүчингүй болсон гэсэн үг биш хэдий ч бас заавал хэрэгжүүлэх шаардлагагүй болсон гэсэн үг.
Сонгосон сансрын нисэгчдийн талаар сайн мэдээлэлгүй хүмүүс ийм яриа гаргасан байж магадгүй гэж Айзакмэн бичээд “Бидэнд ер бусын сансрын нисэгчдийн баг байгаа бөгөөд даалгавар бүр, баг бүр Америкийг дахин саран дээр аваачих, бидний хүүхэд байхдаа мөрөөдөж байсан ирээдүйг бүтээх томоохон ажлын нэг хэсэг байх юм” гэж мэдэгджээ.
Artemis III багийн бүрэлдэхүүний ахлагчаар NASA-ийн сансрын нисэгч Рэнди Бресник, даалгаврын мэргэжилтнээр Андре Даглас, Фрэнк Рубио нар сонгогдсон бол Италийн Лука Пармитано анх удаа Европын Сансрын Агентлагийг төлөөлөн аяллын нисэгчээр оролцох болжээ.
Өнгөрсөн хавар ниссэн өмнөх Artemis II аяллын багийн бүрэлдэхүүн Трампыг дахин Цагаан ордонд ирэхээс өмнө сонгогдсон байсан юм. Уг багт анхны хар арьстан Виктор Гловер, анхны эмэгтэй Кристина Кок нар багтаж байв.
Багийн ахлагч Рэйд Уайзмэн байсан бол Жереми Хансен сарны хөтөлбөрт багтсан анхны Канадын иргэн болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
