Нийслэлийн ногоон бүсийн ой, гол нуур орчмоос нялх төл болон ангаахайг эхээс нь төөрүүлэхгүй байхыг уриалав
Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн ой, гол нуур орчмоос нялх төл болон ангаахайг авран хамгаалах нэрийдлээр байгаль хамгаалагчдад хүргэх, дуудлага өгөх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд зэрлэг амьтдын үр төлд хүрэлгүй, тайван орчинд нь үлдээж, байгалийн жамаар өсөж бойжих боломжийг нь хадгалан хамгаалахыг Нийслэлийн Байгаль Орчны Газраас уриаллаа.
Туруутан амьтад нялх төлөө араатан амьтны дайралт болон бусад аюулаас (хүн зэрэг) хамгаалахын тулд өтгөн шигүү сөөг, өндөр өвс, модлог ургамал бүхий далд газарт нууж орхидог байна.
Манай орны ой, ойт хээрийн бүсэд идээшин амьдардаг халиун буга, хандгай, бор гөрөөс, баданга хүдэр зэрэг туруутан амьтад нялх төлөө 2–3 долоо хоногийн турш нууж, тодорхой хугацаанд очиж хөхүүлэн асардаг онцлогтой. Энэ хугацаанд төл нь борвио тэнийлгэж, эхийгээ даган идээшилж, араатан амьтнаас зугтаж чадах хүртлээ нуугдан хэвтэж хамгаалах инстинкт буюу гадаад, дотоод орчны өөрчлөгдөхөд ухамсарласан зорилгогүйгээр хариу хийж чадах амьтны төрөлх чанар байдаг.
Эх болоод төл нь хоорондоо ихэвчлэн үнэр, дуу авиагаар харилцан биесээ олдог бөгөөд эх амьтан төлөө хөхүүлсний дараа түүнээсээ холдон явж, ангууч амьтдын анхаарлыг өөртөө татан, нуусан төлөөсөө аюулыг холдуулдаг онцгой зан төлөвтэй. Мөн аюул ойртсон үед эх амьтан дагаж яваа төлөө нуун, өөрөө холдон зугтаж махчин амьтдыг төөрөгдүүлэх тохиолдол ч бий.
Үүнтэй адил усны шувууд ч үр төлийнхөө аюулгүй байдлыг хамгаалах төрөлхийн онцлог зан үйлтэй байдаг. Манай орны нуур, гол мөрөн, намгархаг газрын орчимд үүрлэдэг хун, нугас, галууны овгийн усны шувууд ангаахайгаа өтгөн зэгс, шагшуурга, усны ургамал бүхий нуугдмал орчинд дагуулан өсгөдөг. Аюул ойртох үед эх шувуу гэмтсэн мэт дүр эсгэн холдон нисэж, махчин амьтан болон хүний анхаарлыг өөртөө татаж, ангаахайгаа нуугдах боломж олгодог байна. Зарим ангаахай аюул мэдрэх үед хөдөлгөөнгүй болж, өвс ургамал дунд далдран хэвтдэг нь тэдний хамгаалах чухал арга юм.
Иймд ой, хээр, нуурын эрэг орчмоор аялж, амарч явахдаа зэрлэг амьтны төл, шувууны ангаахайтай таарвал “эхээсээ төөрсөн” гэж ойлгон авч явахгүй байх, хөөх барихгүй байхыг анхаараарай. Ихэнх тохиолдолд тэд эхийнхээ заавраар нуугдан хэвтэж, аюул өнгөрөхийг хүлээж байдаг. Сайн санааны үүднээс төл амьтан, ангаахайг байгалиас нь авч явах, гэртээ тэжээх, эсвэл өөр газарт хүргэх нь тухайн төл амьтны амьд үлдэх боломжийг эрс бууруулж, үхэлд хүргэх аюултай байдаг.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

