ФОТО: 2006 онд Монголоос хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудын араас 13 жил хөөцөлдсөний эцэст эх оронд нь авчирчээ
Монгол Улсын хилээр 20 жилийн өмнө хууль бусаар гаргаж, ашиг олох зорилгоор гадаад улс руу худалдан борлуулсан үлэг гүрвэлийн ясыг эх оронд эргүүлэн авчирчээ. Тус олдворыг Монгол Улс хүлээн авах ажиллагаа өнөөдөр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд болов.
"Тиранозавр Батаарын бүтэн хэлхээ ясыг Франц улсад хураан авсан"
Уг гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Мөнххуяг дараах мэдээллийг өгөв. Монгол Улсын Т нарын 8 иргэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хайгуул малтлага явуулж олсон үлэг гүрвэлийн багц ясыг 2006 онд улсын хилээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, гаальд худал мэдүүлж хууль бусаар гаргасан байна. Улмаар гадаад улсад ашиг олох зорилгоор худалдан борлуулжээ.
Энэ гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 25.5-р зүйлийн 4 дэх хэсэг, 18.5-р зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжил байгаа юм байна. Болсон үйл явдалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор, Франц улс дахь Элчин сайдын яам, ЮНЕСКО-гийн суурин төлөөлөгч, ССАЖЗЯ зэрэг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд уг соёлын өвийг Монгол Улсад эргүүлэн авчирчээ.
Гэмт хэрэгт холбогдох үлэг гүрвэлийн багц яс, Тиранозавр Батаарын бүтэн хэлхээ ясыг Франц улсад хураан авсан ба тус улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Мөн тус улсад уг хэрэгтэй холбоотойгоор гадаадын гурван улсын дөрвөн иргэн шалгагдсан байна.
Уг үлэг гүрвэлийн ясыг авчрахад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна. Энэ талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга, уг ажлын хэсгийн ахлагч Б.Даваацэрэн "Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуульд палеонтологийн олдворууд бол соёлын өвд хамаарахаар заасан тул хилийн чанадад хууль бусаар гарсан соёлын өвүүдийг эх оронд нь эргүүлж авчрах ажлыг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улс 1970 оны Соёлын эд зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх конвенц болон 1995 оны ЮНИДРУА-гийн конвенцод нэгдэн орсон. Уг конвенцуудын үзэл санааны хүрээнд олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж мөн үндэсний оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд энэ олдворууд Монгол Улсад буцаж ирэх боломж бүрдсэн.
20 жилийн өмнө хилээр гарсан энэ олдворын араас 13 жилийн турш идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд бүтэмжтэй болж олдворууд эх орондоо ирлээ. Яамны зүгээс судалгааны ажлууд дууссаны дараа олон нийтэд сурталчлах ажлыг төлөвлөж байна. Цаашид энэ мэт хууль бусаар худалдаалагдсан соёлын өвүүдийг буцааж авчрах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана" гэв.
"Ихэнх нь хожуу цэрдийн үед Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн яснууд"
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук "Бид сав баглаа, боодол тээвэрлэлтийн ажлыг Франц улсад биечлэн очиж хийсэн. Нийт 15 хайрцаг 38 олдвор олдсон. Ихэнх нь хожуу цэрдийн үе буюу 66-100 сая жилийн хооронд Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн яснууд байна. Эдгээр олдворын Палеонтологийн хүрээлэнтэй хамтран тодорхойлсны дараа олон нийтэд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.
Өмнө нь олдсон байсан олдворуудтай байхгүй хэсгүүд нь нийлээд явахаар бүтэн олдвор болох тул үнэ цэнтэй. Түүнчлэн үлэг гүрвэлийн олон олдворуудыг харахаар Монгол Улсад ирэх жуулчид, судлаачид нэмэгдэх юм" гэв.
Тус олдворыг МИАТ ТӨХК тээвэрлэн авчирсан байна. 70 жилийн босго дээрээ уг ажилд амжилттай оролцсонд баяртай байгаагаа МИАТ ТӨҮГ-ийн Карго тээвэр борлуулалтын хэлтсийн дарга Б.Түвшинтөгс онцлов.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

