Илон Маск өөрт нь үрийн шингэнээ хандивласныг OpenAI компанийн удирдлагад ажиллаж байсан эмэгтэй батлав
OpenAI анх ашгийн бус байгууллага хэлбэрээр ажиллаж эхэлсэн ч сүүлд бизнесийн байгууллага болон хувирсан нь хиймэл оюуны технологийн хөгжлийг гажуудуулж буй асуудлаар тэрбумтан Илон Маск тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг шүүхэд өгөөд байгаа.
Лхагва гарагт Калифорни мужийн Окланд хотод болж буй уг шүүх хуралд OpenAI компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Шивон Зилис мэдүүлэг өгчээ.
Тэрбээр Илон Маскийн дөрвөн хүүхдийн ээж юм.
Шүүх хурлын үеэр Зилис хувийн амьдрал нь бизнесийн ашиг сонирхолд нөлөөлсөн эсэх асуудлаар мэдүүлэг өгчээ.
Тэрбээр 2016 онд анх OpenAI компанид ажилд орсныхоо дараа Илон Масктай танилцаж, дотно харилцаатай болж байсан гэнэ.
Гэхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас уламжлалт гэр бүлтэй болох төлөвлөгөөгүй байжээ. Гэтэл 2020 онд буюу романтик харилцаа нь зогссоны дараа Маск түүнд хүүхэдтэй болохыг зөвлөж, өөрийн үрийн шингэнийг хандивлах санал тавьж байсан гэнэ.
“Би ээж болохыг үнэхээр хүсэж байсан тул Илоны саналыг хүлээж авсан. Тэр тухайн үед эргэн тойрныхоо бүх хүмүүст хүүхэдтэй болохыг уриалдаг байсан тул миний хүүхэд төрүүлэхгүй байгааг анзаарсан байх. Тиймээс тэр надад үрийн шингэнээ хандивлах санал тавьсан юм” гэж Зилис ярьжээ.
Тэрбээр үр шилжүүлэн суулгах аргаар Маскийн хүүхдүүдийг төрүүлсэн юм байна.
Үүний дараа Зилис, Маск нар хүүхдүүдийнхээ эцэг хэн болохыг чандлан нууцлахаар тохиролцож байжээ.
2020-2023 онуудад OpenAI компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа ч Зилис хүүхдүүдийнхээ эцгийг нууцалж байсан байна.
Энэ үед компанийн дотоод мэдээллийг хүүхдүүдийнхээ эцэгт дамжуулж байсан эсэх асуудал одоо шүүх дээр яригдаж байгаа юм.
2021 онд Зилисийн хүүхдүүдийн эцэг Илон Маск болох тухай мэдээ анх хэвлэлд нийтлэгдэхэд л OpenAI компанийн удирдлага тэдний хэлхээ холбоог мэдэж байжээ.
Гэхдээ гүйцэтгэх захирал Сэм Олтмэн үүнийг үл харгалзан Зилисийг үргэлжлүүлэн ажиллуулж байсан байна.
Гэвч сүүлд Илон Маск хиймэл оюуны бизнес эхлүүлж, OpenAI-тай өрсөлдөгч болсон тул Зилис ашиг сонирхлын зөрчил үүссэн үндэслэлээр 2023 онд албан тушаалаасаа татгалзаж байжээ.
Зилисийн мэдүүлснээр өнөөдөр Маск дөрвөн хүүхдийнхээ амьдралд идэвхтэй оролцож, долоо хоногт хэдэн цагийг хамт өнгөрүүлдэг гэнэ.
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Илон Маск хүмүүс хүүхэд төрүүлэхээ багасгавал соёл иргэншил сүйрнэ гэсэн онолд итгэдэг нэгэн бөгөөд аль болох олон хүүхэд төрүүлэхийг уриалдаг.
Тэрбээр энэ үзэл онолоо өөрийн биеэр үлгэрлэж, дөрвөн эмэгтэйгээс нийт 14 хүүхэдтэй болсон хүн юм.
Цахиурын хөндийд хөрөнгө оруулалтын чиглэлээр 15 жил ажиллаж байсан Зилис нь OpenAI-аас гадна Маскийн Tesla, Neuralink компаниудад удирдах албан тушаал хашиж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
