АНУ руу Оросын дизель түлшийг тээвэрлэж явсан хоёр хөлөг замын дундаас чиглэлээ өөрчилснийг эх сурвалж мэдээлжээ
Оросын дизель түлшийг АНУ руу тээвэрлэж явсан хоёр танкер хөлөг онгоц чиглэлээ өөрчилсөн тухай Financial Times сонин Лхагва гарагт мэдээлжээ. АНУ-д түлшний нөөц улам бүр хомстож буй энэ үед ерөнхийлөгч Дональд Трампын байгуулсан эрчим хүчний хэлэлцээр бүтэлгүйтсэн байж болзошгүйг энэ үйл явдал харуулж байна.
Kpler компанийн худалдааны шинжээч Мэтт Смит тус сонинд өгсөн ярилцлагадаа "АНУ руу чиглэж явсан Оросын дизель түлш тээвэрлэсэн гурван хөлөг онгоцны хоёр нь чиглэлээ өөрчилсөн" гэж мэдэгджээ.
Хонконгийн эзэмшилтэй, Сьерра-Леоне улсын далбаан дор аялж буй "Leruo" хөлөг онгоц өөрийн хүрэх боомтын дохиогоо "Бразил" болгон өөрчилсөн гэнэ. Мөн хориг арга хэмжээнд өртсөн, Оросын далбаатай "Talisman" хөлөг онгоц Газар дундын тэнгисийг чиглэж, Алжирын эрэг орчимд дохиогоо "заавар хүлээж байна" болгон өөрчилжээ.
Смитийн таамаглаж буйгаар Грекийн эзэмшлийн "Agioi Fanendes" хэмээх гурав дахь танкер хөлөг онгоц ч мөн "зохицуулалт, хууль эрх зүй болон хориг арга хэмжээтэй холбоотой асуудлуудаас болж" чиглэлээ өөрчлөх төлөвтэй байгаа гэнэ.
Мужийн болон холбооны албаны хүмүүсийн зүгээс хуулийн дагуу арга хэмжээ авах тухай анхааруулга өгсний улмаас АНУ-ын худалдан авагчид Оросоос ирэх ачааг хүлээн авахаас татгалзжээ.
Тухайлбал Нью-Жерси мужийн Ардчилсан Намын захирагч Мики Шеррилл тус мужийн боомт, терминал ажиллуулагчдад хандан хэрэв Оросын дизель түлшийг буулгах юм бол олон сая ам.долларын торгууль хүлээж болзошгүйг анхааруулсан байна.
Үүний зэрэгцээ CNN сувгийн мэдээлснээр Сенатын гадаад харилцааны байнгын хорооноос банкнууд, боомт ажиллуулагчид болон дизель түлшний хэлэлцээрт оролцсон компаниудад хандан ирэх нэгдүгээр сард Ардчилсан Намынхан Конгресст хяналтаа тогтоосны дараа хийгдэх шалгалт, хяналтын ажиллагааны бэлтгэл болгож, холбогдох баримт бичгүүдээ хадгалж үлдэхийг үүрэг болгожээ.
Трамп өнгөрсөн сард ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсны дараа Орос улстай дизель түлшний хэлэлцээр байгуулснаа зарласан юм. Тэрбээр Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд "нэн даруй" 300,000 тонн дизель түлш нийлүүлж, үүний дараа арваннэгдүгээр сард дахин 500,000 тонн, цаашлаад 1 сая тонн түлш нийлүүлэхээр болсныг мэдэгдэж байв.
Үүний маргааш нь Орос улс дотоодын зах зээл дээрх хомсдолоос шалтгаалан өнгөрсөн зун тогтоосон дизель түлшний экспортын хоригоо цуцалж байлаа.
Ихэнх шинжээчид уг хэлэлцээр нь ойрын ирээдүйд дэлхийн эрчим хүчний зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй гэдэгтэй санал нэг байна. The Guardian сонины тооцоолсноор АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэхээр хүлээгдэж буй эхний 300,000 тонн түлш нь тус улсын өдөр тутмын хэрэглээний дөнгөж дөрөвний гурвыг л хангах хэмжээ юм.
Турк улс өнгөрсөн сард "Трампын хэлэлцээр"-ийн хүрээнд Оросын дизель түлшнээс тодорхой хэмжээгээр авах талаар тохиролцсон тухай мэдэгдэж байв.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын холбоотнууд нь АНУ, Оросын хооронд байгуулсан уг хэлэлцээрийг шүүмжилж, энэ нь Оросын эдийн засгийг бэхжүүлж, Атлантын далайг дамнасан (АНУ болон Европын) харилцаанд сэв суулгана гэж үзэж байгаа.
Иран улс Ормузын хоолойг хаасантай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээлд хомсдол үүсэж, АНУ-д дизель түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 70 орчим хувиар өссөн үед энэхүү хэлэлцээр хийгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын шадар сайд Александр Новак дизель түлш ачсан дор хаяж дөрвөн танкер хөлөг онгоц экспортын зах зээл рүү хөдөлсөн тухай мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Financial Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
