“ХХБ гурван жил үргэлжилж буй технологийн төсөлдөө $30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна”
Худалдаа хөгжлийн банкны мэдээллийн технологи хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч С.Баатартай ярилцлаа.
- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Юуны түрүүнд үзэгч, уншигчдад маань та өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Намайг С.Баатар гэдэг. Худалдаа хөгжлийн банканд мэдээллийн технологи хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажилладаг. Банкны секторт 20 орчим жил энэ чиглэлээрээ ажиллаж байна.
- Өнгөрсөн сард ХХБ-ны системийн шинэчлэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Шинэчлэлийн талаар урьдчилан мэдээлж байсан ч систем шилжсэний дараа аппликейшнд нэвтрэх боломжгүй, үйлчилгээ саатсан гэх зэрэг шүүмжлэл, бухимдал их гарлаа. Тэгэхээр яг юу болсон юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
- Юуны өмнө шинэчлэлийн дараа банкны үйлчилгээ авахад хүндрэл учирч, бухимдал үүссэнд харилцагчдаасаа хүлцэл өчье. ХХБ сүүлийн 3 жил гаруй хугацаанд системийн шинэчлэлийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хийгээд, өнгөрсөн сард амжилттайгаар шинэ систем уруу шилжээд байна. ХХБ-ны системийн иж бүрэн шинэчлэл нь банкны суурь бүртгэлийн систем болон түүнтэй холбогдон ажиллах дагалдах дэд системүүдийг бүхэлд нь иж бүрэн сольсон явдал юм.
Тэгвэл суурь бүртгэлийн систем буюу CORE BANKING SYSTEM гэдгийг эхлээд энгийнээр тайлбарлах нь зүйтэй болов уу. Энэ бол харилцагчийн гар утсан дээр суудаг мобайл банкны аппликейшн эсвэл программын хувилбарыг шинэчилсэн төдий хэрэг биш, харин ард нь ажиллаж байдаг банкны үндсэн бүртгэл, өгөгдөл боловсруулалт, бусад системтэй холбогдох технологийн платформыг хамарсан иж бүрэн шинэчлэл юм.
Банкны үндсэн бүртгэлийн систем нь харилцагчдын орлого, зарлага, дансны үлдэгдэл, зээлийн түүх зэрэг мэдээллийг тасралтгүй бүртгэж, боловсруулан, хадгалж, хамгаалдаг. Энгийнээр хэлбэл, банкны үйл ажиллагааны цөм гэсэн үг. Аппликейшн, картын сүлжээ, салбарын үйлчилгээ, Монгол банканд хүргүүлэх тайлан зэрэг нь энэ системтэй холбогдон ажилладаг.
Тэгэхээр банк дотор тэр олон харилцагчдын, асар их хэмжээний дата мэдээллийг 24/7 бүртгэж, өндөр түвшинд ангилж цэгцэлж, боловсруулж, хадгалж, хамгаалж байдаг цогц бүртгэлийн систем зайлшгүй байж таарна аа даа. Машинаар бол мотор нь, хүнээр бол зүрх нь гэх юм уу. Үүнийг core banking system буюу банкны суурь бүртгэлийн систем гэж нэрлэдэг. Товчхондоо гэвэл банканд хадгалагдаж буй өгөгдлийг хадгалж, боловсруулахад ашигладаг суурь платформ гэсэн үг.
Системийн шинэчлэл хийнэ гэдэг нь энэ бүртгэлийн системийг иж бүрнээр нь бүрэн сольж шинэчилсэн тухай асуудал юм.
- Анхан, Тэгэхээр ХХБ яагаад тэр суурь бүртгэлийн системээ шинэчлэх шаардлагатай болсон юм бэ?
- Гол дөрвөн шалтгаан бий. Эдгээр нь бүгд харилцагчдад хүрэх үйлчилгээтэй шууд холбоотой. Нэгдүгээрт, харилцагчдын хүлээлт өөрчлөгдсөн. Хүмүүс салбарт заавал очихгүйгээр хаанаас ч, хэзээ ч хурдан, найдвартай үйлчилгээ авахыг хүсэж байна. Хоёрдугаарт, гүйлгээний тоо өсөхийн хэрээр системийн ачаалал нэмэгдэж байна. Гуравдугаарт, мэдээллийн аюулгүй байдал, залилангаас сэргийлэх хяналт, зохицуулалтын шаардлага улам өндөр болж байна. Дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаан, нээлттэй банк зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхэд орчин үеийн, уян хатан технологийн суурь хэрэгтэй.
Энэ мэтчилэн тал талаас нь судлаад олон улсын стандартын системд шилжих шаардлагатай байгааг эртнээс бид харсан тул шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн юм. Системээ зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хөгжүүлээд явах нь урт хугацаанд хангалттай биш тул бид энэ ажлыг эхлүүлэхдээ богино хугацааны үр дүнгээс илүү урт хугацааны тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг чухалчилсан. Мэдээж ийм хэмжээний өөрчлөлт хийхэд цаг хугацаа их зарцуулж, эрсдэл хөрөнгө оруулалт өндөр байхыг ч анхнаасаа гадарлаж байсан.
Системийн шинэчлэлдээ бид одоогоор 30 сая ам.доллар буюу ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэр хэмжээ, төслийн цар хүрээнээс энэ нь үндэсний хэмжээний томоохон төсөл гэдэг нь ойлгогдож байгаа болов уу. Цаашид ч технологийн хөгжлийг даган системээ тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулалтаа бид үргэлжлүүлнэ.
Ийм учир олон улсын технологийн стандартыг эх орондоо Монгол залуусын хүчээр нутагшуулсан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, өргөн цар хүрээтэй төсөл хэрэгжиж амжилттай нэвтрүүлж чадлаа.
- Тэгэхээр зөвхөн банкны аппликейшнийг шинэчилсэн асуудал биш, банкны үйл ажиллагааны суурь системийг бүхэлд нь шинэчилсэн юм байна. Яг ямар улсын, ямар нэртэй систем сонгосон юм бэ? Яагаад?
- Бид Швейцарт төвтэй Temenos компанийн банкны системийг сонгон, үйл ажиллагаа, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна. Олон улсын систем нэвтрүүлнэ гэдэг нь бэлэн программ худалдан авч суурилуулаад ашиглаж эхлэхтэй адил зүйл биш. Тухайн системийн архитектур, өгөгдлийн бүтэц загвар, бизнес процессын онцлог, аюулгүй байдал, өгөгдөл хамгаалалтын шаардлага зэрэг олон талаас нь системийн ажиллах зарчмыг ойлгож, өөрийн байгууллагын үйл ажиллагаатай нийцүүлэх хэрэгтэй болдог.
Банкны үйлчилгээ улам бүр цахимжих тусам мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалах шаардлага зэрэгцэн өсөж байна. Бид сонголт хийхдээ зөвхөн өнөөдрийн функцээс илүүтэй цар хүрээ уян хатан байдал, интеграцилах боломж, аюулгүй байдал хууль эрх зүйн нийцэл болон комплайнс зэрэг хүчин зүйлсийг харгалзан цаашид тасралтгүй хөгжих боломжтой, уян хатан системтэй болох гэдэг үүднээс сонголтоо хийсэн.
Temenos Транзакт суурь систем нь банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх боломжтой модульчлагдсан бүтэцтэй, бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр хоорондоо болон бусад хөндлөнгийн системтэй уян хатан зохицон ажиллах API суурьтай архитектуртай.
Одоогоор дэлхийн 150 гаруй орны 1000 гаруй банк өдөр тутмын үйл ажиллагаандаа Теменосын суурь бүртгэлийн системийг ашиглаад явж байна.
Жишээ нь Австрийн Raiffeisen Bank, Францын Societe Generale, Нидерландын ING bank болон ABN Amro, БНСУ-ын Woori bank, Японы MUFG Bank of Tokyo Mitsubishi, Их Британийн Bank of England, Швейцарын Swissquote болон дэлхийд алдартай Standard Chartered зэрэг нэр хүндтэй банкнууд ашигладаг. Иймд Худалдаа хөгжлийн банк Temenos-г сонгосон гэж хэлж болно.
- Temenos системд шилжсэнээр яг ямар ямар бодит давуу талууд бий болж байгаа юм бэ? Ялангуяа харилцагчдын тухайд ямар үр ашигтай вэ?
- Системийн шинэчлэлийн гол үр өгөөж нь банкны технологийн чадавхыг дараагийн түвшинд хүргэхэд оршиж буй. Дагаад маш олон сайн өөрчлөлтүүд бий болох ба заримаас нь дурдъя.
Нэгдүгээрт, Харилцагчийн мэдээллийг илүү уялдаатай удирдах, банкны дотоод үйл ажиллагааг оновчтой болгох боломжтой. Харилцагчийн цаг хугацаа, үйлчилгээний хүртээмж, өдөр тутмын хэрэглээнд ямар өөрчлөлт авчирсан тухай олон улсын жишээ татъя. АНУ-ын MidWestOne Bank-ний шинэ данс нээлгэх хүсэлт шийдвэрлэгдэх хугацаа өмнө нь 15 минут байсан бол Temenos системийг нэвтрүүлсний дараа ойролцоогоор хоёр минут болж, харилцагчдын сэтгэл ханамж өссөн тухай судалгаа байгаа.
Мөн Италийн Credem банкны хувьд систем нэвтрүүлсний дараа онлайн аппликейшнээр хийгдэх шилжүүлгийн тоо хоёр дахин өсөж, идэвхтэй хэрэглэгчид 30 хувиар нэмэгдсэн гэсэн сайн үзүүлэлт байна лээ. Манай харилцагчид ч гэсэн дасаад ирэхээрээ олон үр ашгийг нь илүү мэдэрнэ байх.
Хоёрдугаарт, Олон улсын стандартын дагуу хөгжүүлсэн API буюу систем хооронд мэдээлэл, үйлчилгээг холбох, банкны үйлчилгээг бусад платформтой интеграцчилах боломжийг илүү оновчтой, уян хатан болгоно. Үүний цаана Open Banking буюу нээлттэй банкны үйлчилгээний чиглэлээр хөгжих, финтек болон бусад байгууллагуудтай шинэ түвшинд хамтрах боломжуудыг олгоно гэсэн үг.
Ялангуяа цаашид хиймэл оюун ухааны шийдлүүдтэй уялдан ажиллах системтэй болсон нь онцлох давуу тал юм. Жишээ нь, хиймэл оюун ухааныг ашиглан, байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэн шинжлэх, ажлын ачаалал, давхардсан үйл явц, хүний нөөцийн хэрэгцээ зэрэгт дүн шинжилгээ хийх замаар удирдлагын шийдвэр гаргалтыг илүү оновчлох боломжтой.
Гуравдугаарт, Мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үйл ажиллагааг технологийн түвшинд сайжруулсан. Цахим орчинд технологийг ашиглан залилах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа ба залилагчид яг ямар боломж нөхцөл гарч болохоор байгааг андаж байгаад ашигладаг.
Тиймээс банкны хувьд харилцагчийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Ийм учир өмнө нь SMS-ээр ирдэг нэг удаагийн кодоор баталгаажуулалт хийж ашигладаг байсан бол бид шинэчлэлийнхээ хүрээнд олон улсад түгээмэл ашигладаг аюулгүй байдлын давхар хамгаалалт болох HID -г нэвтрүүлээд байна.
Харилцагчид үйлчилгээгээ аль болох хялбар, хурдан авахыг хүсдэг нь ойлгомжтой. Гэхдээ банкны хувьд энэ хэрэгцээг хангахын зэрэгцээ залилангийн эрсдэлийг бууруулах үүрэгтэй. Тиймээс хэрэглэгчийн туршлага, аюулгүй байдал хоёрын зөв тэнцвэрийг хангах нь бидний байнгын зорилго байх болно.
- Тэгэхээр ийм том хэмжээний шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хүний нөөц гээд олон талын бэлтгэл шаардлагатай нь тодорхой. Гэхдээ харилцагчдын хувьд эдгээр томоохон өөрчлөлтөөс илүүтэй өдөр тутмын үйлчилгээндээ нэвтэрч чадахгүй болсон асуудал бодитоор мэдрэгдсэн. Аппликейшнд нэвтрэхэд хүндрэл үүсэж, хүмүүс бухимдсан. Үүний шалтгаан юу байсан бэ?
- Бид өмнөх систем дээр банкныхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт тохируулж нэлээд их технологийн хөгжүүлэлт хийсэн байсан. Тиймээс олон жилийн турш хуримтлагдсан тусгайлан хөгжүүлэлт хийсэн системээ олон улсын стандарт руу нийцүүлэхийн тулд шинэ систем уруу шилжүүлэх, түүнийгээ турших, хүнээ сургах, үүний зэрэгцээ хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд мобайл болон вэб банкны апп-аа цоо шинээр дахин хийх гэх мэт олон үе шаттай ажлуудыг энэ хугацаанд хийсэн.
Шинэчлэлийн дараа системийн аюулгүй байдлын шаардлагыг хангахын зэрэгцээ харилцагч бүр шинэ системд өөрийгөө саадгүй бүртгүүлж нэвтрэх, харилцагчийг зөв таним баталгаажуулах үйл явцыг жигдрүүлэхэд зарим асуудлууд тулгарсан. Юун түрүүнд, шинэчлэлийн үед бид залилан үйлдэх боломжит замуудыг хааж, харилцагчийг хамгаалах тал дээр хамгийн их анхаарсан. Залилагчдад боломж олгохгүйн тулд бид шинэ системд нэвтрэх шаардлагаа өндөр болгосон нь шинэчлэлийн дараа ачаалал үүсэж зарим хэрэглэгчдэд нөлөөлсөн.
Шинэ системд харилцагч дасахтай холбоотой олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал, Nielsen Norman Group-н хийсэн “How to Measure Learnability of a User Interface” судалгаанд “хэрэглэгч дор хаяж 4 удаа оролдлого хийж байж, шинэ апп-тайгаа танилцаж, учраа олдог” тухай дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл харилцагчид шинэ аппликейшныг ашиглах тусам илүү хурдан даддаг гэсэн үг юм. Харилцагчид маань харин ч хурдан учраа олж байгаа.
Зарим харилцагч маань хуучин апп-аа хамт ажиллуулаад үе шаттай шилжиж болоогүй юм уу гэж асууж байгаа. Үе шаттай шилжихэд 2 өөр систем зэрэгцэн ажиллахад өнгөн дээрээ өөрчлөлтийн нөлөө бага мэт харагдавч технологийн хувьд хоршин ажиллахад улам их төвөгтэй асуудлууд үүсэж болох тул хэцүү ч гэсэн бид харилцагчдаа урт хугацаандаа илүү ээлтэй талыг нь барьж иж бүрэн шинэчлэлийг нэг дор цогцоор нь хийж чадлаа.
- Шинэ онлайн апп-д дасахад хугацаа шаардлагатай гэж хэлэх гээд байна аа даа. Ер нь яагаад заавал апп-аа шинэчлэх шаардлагатай болсон юм бэ?
- Тийм ээ. Ямар нэг өөрчлөлтөд дасахад хугацаа ордгийг бид бүгдээрээ л мэднэ шүү дээ. Дасаад ирэхээр шинэ TDB апп маань илүү сайжирсан, харилцагчид илүү ээлтэй болсон гэдгийг анзаарна байх.
Шинэ TDB апп-г бид хэрэглэгч төвтэй дизайны зарчмаар шинэчилсэн байгаа. Харилцагчдын хамгийн их хэрэглэдэг үйлдлүүдийг цөөн алхмаар хийх боломжтой болгосон тул тус үйлдлүүдийг өмнөхөөс илүү хурдан, хялбар байдлаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Мөн дэлгэц хоорондын шилжилтийн хөдөлгөөн дээр spring animation эффект ашигласан тул харилцагч нэг дэлгэцээс нөгөө уруу шилжихэд хэрэглэгчийн чиг зорилгын үргэлжилсэн байдал нь алдагдахгүй гэсэн үг.
Харилцагчдынхаа хамгийн түгээмэл хийгддэг үйлдлүүдийн товчлуурыг эрхий хурууны бүсэд байрлуулсан тул төлбөр, шилжүүлэг зэрэг үйлдлүүдийг нэг гараараа утсаа бариад хийх боломжтой болсон. Хамгийн онцлох өөрчлөлт гэвэл мөнгөн дүн, гарчиг, товчлуур зэрэг гол элементүүдийн өнгөний ялгарал нь олон улсын хүртээмжийн стандарт болох WCAG-н хамгийн өндөр буюу ААА түвшинд нийцсэн.
Ингэснээр хэрэгцээтэй гол мэдээллийг хараа сул харилцагчид нарны гэрлийн шууд тусгалтай үед ч тод унших боломжтой болсон гээд илэрхий биш ч давуу талуудыг шингээсэн апп болсон.
- Шинэчлэлийн дараа дансны дугаар өөрчлөгдсөн асуудал ч иргэдийн дунд маргаан үүсгэсэн. Яагаад дансны дугаарыг өөрчлөх шаардлагатай болсон юм бэ?
- Юуны түрүүнд харилцагчдадаа хандаж хэлэхэд хуучин дансны дугаар тань цаашид хүчинтэй хэвээр байна. Найз нөхдөөсөө мөнгө авах, гэрийнхэн рүүгээ шилжүүлэх гэх мэт өдөр тутамдаа та өмнө ашиглаж байсан дансны дугаараа ашиглахад ямар ч асуудалгүй ээ. Бас e-mongolia, e-barimt, халамж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр гэх мэт төрийн үйлчилгээ авахад ашигладаг дансны дугаараа өөрчлөх шаардлагагүй.
Гэрээ хэлцэл, наймаа арилжаа, цалин, түрээс гээд бүхий л бичиг баримтууд дээрээ ашигладаг дансны дугаараа ч гэсэн та хүсвэл шинэ дансны дугаараар өөрчлөхгүй байж болно. Учир нь таны нэг данс 2ш дугаартай л болсон гэсэн үг. Хуучнаа ашиглаж болох юм бол тэгвэл яагаад заавал шинэ дансны дугаар үүсгэсэн юм бэ? гэж асуух байх.
Temenos суурь системд шилжихэд дансны дугаарлалтын бүтцийг шинэ системийн онцлог данс дугаарлах зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлага гарсан. Харилцагчдадаа нэмэлт хүндрэл үүсгэхгүй байх үүднээс хуучин дансны дугаарыг нь мөн хүчинтэй хэвээр үлдээсэн.
- Баярлалаа, Үзэгч уншигчдын хамгийн их асууж байгаа асуулт бол үйлчилгээ хэзээ бүрэн хэвийн болох вэ гэдэг асуулт байна. Одоо ер нь үйл ажиллагаа нь жигдэрсэн үү?
- Одоогийн байдлаар харилцагчдын дийлэнх хэсгийн хувьд онлайн апп татах, ашиглах гэх мэт цахим сувгаар авах банкны үйлчилгээ жигдэрсэн. Шинэчлэлийн үеийн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, бидэнтэй хамтран ажиллаж байгаа харилцагчдадаа маш их талархаж байгаа гэдгээ хэлмээр байна.
Банкны суурь системээ шинэчилж сольсон олон улсын банкнуудын туршлагаас харахад бүх үйл ажиллагаа бүрэн жигдэртэл тодорхой хугацаа шаарддаг юм билээ. Бид ч гэсэн энэ жишгээр мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний найдвартай байдлыг хангах ажлаа үргэлжлүүлж, гарсан асуудлуудыг шийдвэрлэн ажилласаар байх болно.
Банкны хувьд олон жилийн турш бий болгосон харилцагчдынхаа итгэлийг хамгаалах нь хамгийн чухал. Тиймд таны данс дахь мөнгөн хөрөнгө, хувийн мэдээллийг манай банк найдвартай хамгаалдаг, хамгаалсаар ч байх болно гэдэгт харилцагчид итгэлтэй байж болно.
- Технологи бидний амьдралын салшгүй хэсэг болчихлоо. Тэхээр цаашид бидний амьдрал, ажилд цаашид хэрхэн нөлөөлөх талаар мэргэжлийн хүнээс асууж ярилцлагаа төгсгөе.
Ирээдүйд хиймэл оюун ухаан, технологийн хөгжил улам боловсронгуй болж хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн бодит боломжууд бий болж таарна, эхнээсээ ч зарим улсууд туршаад ашиглаад эхэлсэн. Заавал хүн хийх шаардлагагүй ажлуудыг хиймэл оюун ухаан орлож, энэ хэрээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, тулгарсан асуудлуудаа шийдээд явчих байх. Бизнест хамгийн хэцүү сэдэв бол хүний нөөц байдаг. Жишээ нь харилцагчийн үйлчилгээний ажлыг технологийн хөгжлөөр шийдчих боломж бүрэн бий.
Саяхныг болтол бид рестораны зөөгчийг робот хийнэ гэж төсөөлөөгүй л явж байсан биз дээ? Мөн ажилд ороход тань заавал хэн нэгэн өмнө чинь суугаад ярилцаж таныг сандаргах биш хиймэл оюун ухааны дүртэй ярилцах гэх мэт бүх зүйлс илүү амар хялбар болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байдаг даа.
Технологийн хөгжил дэлхий даяар маш хурдтай явж байна.
Бид энэ хөгжил, өөрчлөлтийг эртнээс харж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, олон улсын технологийг нутагшуулах төслийг түүчээлэн эхлүүлээд байна. Энэ ажлын цаана Монгол улсын технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, олон жилийн хөдөлмөр бий. Ер нь энэ бол амар шийдвэр байгаагүй. Төслийн хүрээнд Монгол залуус олон улсын технологийн шийдлийг судалж, эх орондоо нэвтрүүлсэн нь бидний хувьд онцгой ач холбогдолтой гэж харж байна. Ингэснээр Монгол Улсын олон улс дахь нэр хүнд, бизнесийн өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй гэдгийг онцолмоор байна.
Харин цаашид төрийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, бусад бизнесийн байгууллагууд ялангуяа банкнуудтай харилцан уялдаатай ажилладаг газруудын хувьд шинэ системтэй маань интеграцилж, амар хялбар ажиллах технологийн шийдлүүдийг мөн адил нутагшуулах нь цаг хугацааны л асуудал байх болов уу гэж харж байна.
Иймэрхүү хамтын хүчин чармайлт шаардсан ажил хийхийн тулд төрийн болон бизнесийн байгууллагуудын систем, өгөгдөл солилцооны стандарт, мэдээллийн аюулгүй байдал, эрх зүйн зохицуулалт ч гэсэн зэрэгцээд хөгжих шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд бид цаашид ч харилцагчдадаа илүү хурдан, хялбар, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ Монгол улсын банк, технологийн салбарын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхэд түүчээлсээр байх болно. Баярлалаа.
- Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
GOOD TO GREAT
Trade and Development Bank of Mongolia
Ярилцсан: М.Сүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
