Б.Пүрэвдагва: Ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй төслийн нэгжүүдийг татан буулгана

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах ₮181 тэрбумын төсөвт өртөгтэй олон улсын нээлттэй тендерийг 2024 оны хоёрдугаар сарын 29-нд зарлаж байв. Ингээд дөрвөн сарын дараа буюу 2026 оны зургаадугаар сарын 11-нд тендерт дөрвөн компани оролцсоноос БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан болохыг нийслэл хотын тухайн үеийн дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар метро төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг хотын одоогийн дарга Б.Пүрэвдагва НИТХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцох үеэрээ танилцуулав.

Тэрбээр "Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ), түүнд суурилсан нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ, хөрөнгө санхүүтэй холбоотой схемийг угсарч байж төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Тухайлбал ЖАЙКА-ийн 2013 оны ТЭЗҮ-д суурилсан метро төсөл. Тус төсөлд зөвлөх үйлчилгээ авчихсан. Өнөөдрийн байдлаар метро төсөлд 59 тэрбум төгрөгийн зардал гарсан, “Духуа Инженеринг” компанитай 156 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тэгсэн мөртөө санхүүгийн тодорхой схемгүй, Засгийн газраас гаргасан баталгаагүй, нарийвчилсан зураг төсөлгүй төсөлд тендер зарласан тохиолдол гарсан. Тендерт суурилсан дүн нь 8.3 их наяд төгрөг. Энэ дүнд санхүүгийн схем, ханшийн зөрүү, зээлийн хүүгийн тооцоолол байхгүй. Эдгээрийг тооцоолоод үзвэл 10 их наяд төгрөгийг давсан зардал гарах төсөл. 

Иргэдийн татварын мөнгө, хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа бонд, төр, хувийн хэвшлийн мөнгө төгрөгийг зөв зарцуулахын тулд бодит эрэмбийг гаргахаас өөр аргагүй нөхцөлд хүрч байна. 

1.8 сая хүн амтай Улаанбаатар хотод 10 их наяд төгрөгөөр таван жилийн хугацаанд метро барьсан зардлаа хэдэн жилийн дотор нөхөх вэ гэдэг нь асуултын тэмдэг. 3.6 сая хүн амтай Хөх хотод баг хамт олноороо сая очоод ирлээ. Хөх хот 30 км хоёр шугамтай метротой ч хэрэглэхгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харж байж метро төслийг эргэж харах тооцоололтой. “Духуа Инженеринг” компани гүйцэтгэлээрээ мөнгөө авдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирчихсэн байгаа. Үр ашиггүй ажилд зарцуулж байгаа мөнгийг бага зардалтай, түргэн шуурхай хугацаанд түгжрэлийг бууруулах төслүүдэд зарцуулах нь зүйтэй юм.

Мөн Сэлбэ дэд төвийн 157 га газрыг чөлөөлөхөд 470 тэрбум төгрөг зарцуулсан. Цаг хугацаа нь болоогүй байхад чөлөөлсөн газар ч бий. Гэхдээ энэ төсөл цааш үргэлжлэх ёстой.

1, 2 дугаар тойрог зам төслийн хувьд ТЭЗҮ гарсан ч нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны үнэлгээ dklky газар чөлөөлөлт хийгдээгүй. Ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй төслийн нэгжүүдийг татан буулгана" гэлээ.

Түүний танилцуулснаар түгжрэлийг бууруулахын тулд 2027 онд Зунжин-32-ын тойрог, Архивын ерөнхий газар-120 мянгат, Энхтайвны өргөн чөлөө гэсэн гурван чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийг явуулна.

Зуслангийн бүс болон Сэлбэ хот чиглэлд Sky Shuttle төслийг хэрэгжүүлнэ.

Яармагийн замд Sky Shuttle, тусгай зам шаардахгүй ART тээврийг зорчуулна. Санхүүжилтийг улсын төсвөөс биш, бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах арга замуудыг хайх аж.