₮1.6 их наядын төсөвт өртөгтэй Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн орон сууцны барилга зургаадугаар давхартаа хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд орон сууц барьж буй.

"Нийт 8,575 айлын 113 блок орон сууц барихаас эхний ээлжийн 3,818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Орон сууцнууд 9-12 давхар байна" гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Тус орон сууцны нэг м.кв талбайг дунджаар дөрвөн сая төгрөгөөр тооцож, худалдан борлуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгохдоо Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8*575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж, 2026-2027 онд үе шаттайгаар борлуулан ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 2026 онд 438 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцсоныг танилцуулж байв.

Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.

Эхний ээлжийн орон сууцыг барих тендерт шалгарсан "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" группийн захирал Тиан Гуо Ин "Сэлбэ дэд төвийн орон сууц барих бүтээн байгуулалтыг 2027 оны дөрөвдүгээр сарын 2-нд бүрэн дуусгана. Хятад улсаас ажилчид ирнэ. Ажиллах хүчний 60-70% нь монгол хүмүүс" хэмээн хэлж байсан юм. 

Сэлбэ дэд төвд циркийн болон Улаанбаатар хотын музейн барилгыг барина гэж хотын дарга мэдэгдсэн удаатай.