Нийслэл хотод хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны үнэ, ханшийн талаар албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
- Сэлбэ дэд төвийн орон сууцны хэсэгт одоогоор түрээслэх хувилбар яригдаагүй, наймдугаар сараас иргэдийн захиалгыг албан ёсоор авч эхлэхээр төлөвлөсөн.
- Улаанбаатар хот болон БХБЯ-нд олон улсын ЭКСИМ банк болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олон төсөл хэрэгждэг. Тухайлбал Азийн Хөгжлийн Банкнаас анх хэлэлцээр хийхдээ зарим гэр хорооллын хэсгийн газрыг дахин чөлөөлж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зарим орон сууцыг тухайн бүс нутгийн иргэдэд газрыг нь чөлөөлөхтэй дүйцүүлэн түрээслээд өмчлөх хувилбар байдаг. Нийслэлд энэ төрлийн долоон төсөл бий.
- Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын өөрчлөлтийн сан хамтран Ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж байгаа. Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага зарцуулж хийсэн материалаар ногоон орон сууцыг барих стандарттай. Анхны хөрөнгө оруулалт бусад барилгыг бодвол 20-30% илүү байдаг. Гэвч ашиглалтад орохоороо саарал усыг дахин ашиглах, батарей хуримтлуурын байгууламж, дулаанаа фасаднаас шийдэх зэрэг нь ашиглалтын зардал 17-20% багатай байдаг. Ногоон орон сууцыг барих анхны зардал өндөр ч ашиглалтын зардал багатай дэлхийн жишигт шилжих хэрэгтэй гэж үзэж буй.
- Орон сууцны олон төсөл хэрэгжиж байгаагаас м.кв-ын үнэ дунджаар 2.8-3.5 сая төгрөг байна.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэл хотод 1,008 айлын Ногоон нуур төсөл хэрэгжиж байгаа. Буцалтгүй зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөлд олон улсын байгууллага, тухайн улс нь өөрсдийн стандарт, худалдан авалт, шаардлагыг тавьдаг. Ийм төслийн орон сууцны нэг м.кв-ын үнэ 4-4.2 сая төгрөг хүрсэн тохиолдол бий.
"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар:
- Бизнесийн төлөвлөгөөг саяхан батлуулсан. Орон сууцны нэг м.кв-ын дундаж үнийг тогтооно, хэт доош нь буулгахгүй. Зах зээлд нийлүүлж байгаа бусад орон сууцны үнэтэй дүйцүүлнэ.
- Одоогоор Сэлбэ хотын орон сууцны м.кв-ыг дунджаар дөрвөн сая төгрөгөөр зах зээл дээр борлуулахаар бизнес төлөвлөгөөнд тусгасан.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!