Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, таван багц тендер болгон зарлах талаар холбогдох албаныхан болон барилгын салбарын холбоодын тэргүүн нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хурлын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотод хөгжлийн 24 томоохон төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, өнөөдрийн байдлаар 60-70 хувь нь гараанаас гарч, амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслөөс Сэлбэ хотын төсөл агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг аюулгүй тухтай орчинд 20 минутын хотод амьдруулах чухал ач холбогдолтой.
Сүүлийн сар гаруйн хугацаанд Сэлбэ хотын бүтээн байгуулалтад монголчуудыг ажиллуулахгүй, хятад компаниудыг нээлттэй тендерт дэмжиж байна, тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг нэмлээ гэдэг асуудал гарч буй. Уг асуудалд залруулга мэдээлэл өгье.
Хоёрдугаарт Сэлбэ хот төслийн 20-45 дугаар багцын 26 байрлалд төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт хийх сонгон шалгаруулалт зарлагдсаныг хэлье.
158 га газар дээр Сэлбэ хотыг барьж байгуулна. Улаанбаатар хотод 1965-1985 онд Мах комбинат, ТЭЦ, гол үерийн байгууламжууд, орон сууцны хорооллууд баригдсан. Энэ цагаас хойш инженерийн дэд бүтцэд томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй. 40 гаруй жилийн дараа анх удаа 3, 4 дүгээр хорооллыг Бичил хороололтой нийлүүлсэн хэмжээний бүхэл бүтэн хотыг барих төслийг хэрэгжүүлж байна.
Сэлбэ хотын 158 га газар дээр орон сууцнаас гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын байгууламж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний төв, ногоон байгууламжийг байгуулах юм. Төслийг хэрэгжүүлэхдээ 45 багцад хувааж тендерийг зарласан. 11 багц инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийн 6, 20-45 дугаар багц нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх худалдаа үйлчилгээний төвүүд, нийгмийн салбарын дэд бүтцүүд байна.
Олон улсад гаргасан бондын 500 сая ам.доллар, борлуулалт болон төр хувийн хэвшлийн түншлэлийн орлогоос 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэнэ. Урьдчилсан тооцооллоор төр хувийн хэвшлийн түншлэлийн 26 багцад 20 орчим их наяд төгрөгийг хувийн хэвшлүүдээс гаргаж хийхээр байна. Нийт 25 их наяд төгрөгийн том бүтээн байгуулалтын менежментийг хийж, хувийн хэвшлүүдийг дэмжин анхны 20 минутын хотыг барих ажил гараанаас гараад байгааг дуулгая.
Барилгачдын холбоо болон Монголын бүтээн байгуулалтын салбарынхантай үл ойлголцол үүссэн асуудал нь багц 1-4-ийг том хувааж, монголчууд оролцох боломжгүй тендерийг зарласан гэдэг хүсэлт тавьсан. Бид олон улсын төслийн менежментийн дагуу хуваарилж, хөрөнгө оруулагч гадаадын 17 иргэн, үүгээр дамжуулж өгсөн Дойче банкны тавьсан шаардлагын дагуу шалгагдаж, ТЭЗҮ-д заасны дагуу менежмент хийж, тендерийг зарлаж, багцууд том хуваагдсан байсан юм.
Монголын барилгачдын тавьсан хүсэлтийг хүлээж авч, хөрөнгө оруулагч тал болон Герман улсын Дойче банкныхантай хоёр удаа онлайн уулзалт хийж, зөвшилцөн 3, 4 дүгээр багцыг тав хуваахад татгалзах зүйлгүй хэмээн зөвшөөрсөн тул "Сэлбэ 20 минутын хот" ХХК-ийн ТУЗ-д танилцуулж, дэмжүүлсэн. Ингэснээр Сэлбэ хотын 6,000 айлын орон сууцыг 400, 600 тэрбум төгрөгөөр барихаар зарласан 3, 4 дүгээр багцын тендерт менежментийн оновчлол хийж, тав хуваан тендер зарлахаар боллоо. Үүнд:
Нэгдүгээр багц: 9 давхар, 71 айлын 11 блок, 181 тэрбум төгрөг, нийт айлын тоо 781
Хоёрдугаар багц: 9 давхар, 71 айлын 12 блок, 197 тэрбум төгрөг, нийт айлын тоо 852
Гуравдугаар багц: 9 давхар, 71 айлын 14 блок, 230 тэрбум төгрөг, нийт айлын тоо 994
Дөрөвдүгээр багц: 9 давхар, 71 айлын 16 блок, 263 тэрбум төгрөг, нийт айлын тоо 1,136
Тавдугаар багц: 9 давхар, 71 айлын 6 блок, 12 давхар 71 айлын 8 блок, 223 тэрбум төгрөг, нийт айлын тоо 994 байхаар хуваалаа.
Хөрөнгө оруулагч тал болон гүйцэтгэгч компанийн ТУЗ-өөс зөвшөөрөл ирсэн тул энэ долоо хоногт багтааж хоёр багцыг тав хуваасан тендерийг нээлттэй, хуулийн дагуу шалгуур үзүүлэлтийг боломжит, бага хэмжээнд байхаар зарлана. Гэхдээ үүнийг Үнэлгээний хороо эцэслэн шийддэг. Бид захиалагч талаас саналаа өгдөг юм.
Монголын үндэсний компаниуд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол Улсад нэмүү өртөг шингээсэй гэдэг бодлогыг барьж Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүх мега төслийн гэрээний хавсралтад багадаа 20 хувиас доошгүй, 51 хувиас дээш нэмүү өртөг дотоодын ААН-үүдэд шингэхээр тусгасан.
Сэлбийн бүтээн байгуулалтын тендерийг анх зарлахдаа ажиллах хүчин 40-өөс доошгүй, үндсэн бараа материал 35-аас доошгүй, машин механизм 40-өөс доошгүй хувь байхаар гэрээний хавсралтад зааж, шалгаруулалтыг хийсэн юм. Тендерт шалгарсан гадаадын ААН-үүдэд шаардлагаа тавьж ажиллана.
Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа арматур, цемент, тээвэр ложистикийн салбарыг үе шаттайгаар дэмжиж, нэмүү өртгийг дотооддоо шингээх, монгол компаниуд бойжих бодлогыг барьж байгаа" гэв.
Сэлбэ хотын 20-45 дүгээр багцуудад Төр хувийн хэвшлийн хуулийн дагуу 26 байршилд худалдаа үйлчилгээний төв барихаар selbecity.mn сайтаар санал авч, 198 санал ирүүлсэн байна. Хамгийн их саналыг багц 23 буюу D11 байршлын 4.02 га газар дээр үйлчилгээний төв барихаар 16, багц 33-ын А5 байршлын 0.75 га газар дээр худалдаа үйлчилгээний төв барихаар 54 сонирхогч этгээдээс саналаа ирүүлжээ.
Санал ирүүлсэн компани, бизнес эрхлэгчид хөрөнгөө гаргаж бүтээн байгуулалтыг гүйцэтгэх бол төрөөс газар, дэд бүтцийг шийдэж өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!