• 6 сарын 8, Ням

"Үндэсний компаниудаа дэмжиж, Сэлбэ дэд төвийн төслийг хятадууд биш монголчууд хийх боломж олгооч, бидэнд итгээч"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын барилгачдын нэгдсэн холбоо"-ноос Сэлбэ дэд төвийн тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Тодруулбал хэдхэн хятад компани нэг их наядын тендерийг дангаараа авч байгааг тэд эсэргүүцэж, монгол компаниудыг оролцуулахыг шаардав. 

Уг асуудлын хүрээнд төрийн албан тушаалтнуудад хоёр дахь удаагийн шаардлага хүргүүлэн, монгол компаниудын эрх ашгийн төлөө жагсаж, өлсгөлөн зарлах тухайгаа мэдээлсэн юм. 



"Монголын барилгачдын нэгдсэн холбоо"-ны төлөөлөл хэлэхдээ "Нөхцөл байдлыг эргэн харж, үндэсний компаниудыг дэмжих саналыг төрийн гурван өндөрлөг, улс төрийн суудалтай таван нам, Хотын дарга Х.Нямбаатар болон бусад холбогдох хүмүүст хүргүүлсэн.

14 төрийн өндөр албан тушаалтанд шаардлага өгснөөс өнөөдөр гурван субъектээс нь хариу аваад байгаа.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү асуудлыг судалж, өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан судлахыг "Монополийн эсрэг газар"-т 2025 оны тавдугаар сарын 15-нд шилжүүлсэн. Шаардлагын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ийм хариуг ирүүлсэн.

Бидний зүгээс "Монополийн эсрэг газар" руу албан бичиг явуулсан. Дараагийнх нь Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр сайдын хариу байгаа. 

2025 оны тавдугаар сарын 20-нд ирсэн шаардлагын хариу товчхондоо:

"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн бүтээн байгуулалт нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөх ач холбогдол өндөртэй.

Иймд холбогдох хууль тогтоомж, норм дүрэм стандартад нийцүүлэн үндэсний компаниудад оролцох боломжийг хангахад анхаарч ажиллах, татан оролцуулж, оролцоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэг байна.

Төслүүдийн бүтээн байгуулалтад үндэсний компаниудын шууд болон шууд бус оролцоог хангаж, нэмэгдүүлэх улмаар тендерт оролцогчдод тавих шалгуур үзүүлэлтүүдийг багасгах, үндэсний Аж Ахуйн Нэгжүүдийн оролцох боломжийг нээх, дэмжиж ажиллах, үндэсний компаниудаа ажилтай, орлоготой байлгахад анхаарч ажиллахыг холбогдох талуудад уламжилж байна” гэсэн хариуг манай ТББ-д ирүүлсэн. 

Дээрх хариуг Нийслэлийн ЗДТГ-т болон бусад холбогдох газарт өгсөн. Бид удаа дараа шаардлага тавьж байгаа нь учиртай. Энэ бол дан ганц барилгачид, барилгын салбарынхны асуудал биш.

Нийслэлийн иргэдийн татварын орлогыг барьцаалж босгосон Монголын талаас эх үүсвэр нь гарсан хөрөнгө. Мөн Сэлбэ дэд төвийг барьж байгуулах, сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг хийхийн хажуугаар монгол аж ахуйн нэгжүүд өсөж, дэвшиж өндийж босож ирэх ийм боломж" гэдгийг хэллээ. 

"Сэлбэ дэд төвийн төслийг монголчууд хийж чадна. Бидэнд итгээч ээ"

Үргэлжлүүлэн "Монголынхоо ААН-үүдийг ажилтай, орлоготой байлгах бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хангах маш чухал шийдвэртэй түүхэн цаг үед амьдарч байна.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Бид зарим асуудалтай санал нийлээгүй.

Одоо хятад компаниуд нэгэнт тендерт шалгарчихлаа. Та нарын 20 хувийн оролцоог хангаж өгье гэсэн. Өөрөөр хэлбэл дотоодын компаниудад 20 хувийн ажил өгье, бараа нийлүүлье гэж хэлж байна.

Тэр 20 хувьд нь “баярлалаа, талархлаа” гээд бөхөлзөөд гүйх ёстой юу. 

Бид нар хятадуудыг эсэргүүцээд байгаа юм биш. Бүгд л хятад түнштэй. Хамгийн гол нь яагаад үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг дэмжиж болдоггүй юм бэ?

Сарын дотор гурав дахь удаагаа бид хэвлэлийн хурал хийж байна. Юу яриад байгааг анхаараад үзээч. Дарга, хятад хоёрын өмнө сөхөрч унамааргүй байна.

Монголын энгийн барилгачин залуусыг, ахмадуудыг, барилгын компанийн захирлуудыг, барилгын салбарт оролцогч төрийн албан хаагчид бүгд эх оронч байгаач ээ. Чадна гээд яваа хүмүүстээ итгээч ээ.

Сэлбэ дэд төвийн төсөлд хамтарч оролцъё. Үнэхээр хуулийн шаардлага хангахгүй, өр ширтэй байгаа компаниуд туслан гүйцэтгэгчээ хийгээд явъя гэдэг эхний нөхцөл байдлаа яриад явж байгаа.

Хоёрхон хятад компани нэг их наядын тендерийг авах юм уу, Монголын шаардлагад нийцсэн компаниуд нэг их наядын ажлыг хийх юм уу гэдэг шийдвэрийн өмнө байна.

Нийслэлийн удирдлагууд ухаантай байж, эх оронч байгаач. Монгол компаниуд нь хийх боломж байсаар байтал яагаад урд зүгт үйлчлээд байгаа юм бэ?

Сэлбэ дэд төвийн төслийг монголчууд хийж чадна. Монголын барилгачид чадна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа. Дараагийн үеийн барилгын бизнес эрхлэгчдэдээ орон зай үлдээмээр байна. Монгол барилгачин залуустаа орон зай үлдээе" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа