Уншиж байна ...
Зураг
Зураг

"Сэлбэ хотын бүтээн байгуулалтад монгол компаниудыг оролцуулах шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад баярлалаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, таван багц тендер болгон зарлах тухай өнөөдөр болсон хэвлэлийн хуралд барилгын салбарынхан оролцож байр сууриа илэрхийллээ.

"Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ-ын тэргүүн Ч.Наранбаатар "Бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад монгол компаниудыг оролцуулах боломжийг олгох хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад тавьж, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нийслэл хотын удирдлагууд барилгачдынхаа саналыг хүлээж авч хоёр багц тендерийг тав болгож буюу монгол компаниудыг 200-250 орчим тэрбум төгрөгийн тендерт оролцох боломжтойг судалгаанд үндэслэж шийдвэр гаргасанд баяртай байна.

Сэлбэ 20 минутын хотын Монголын барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчрах, ажилтай орлоготой болгох том бүтээн байгуулалтад оролцуулах шийдвэр гаргасан Х.Нямбаатар, Т.Даваадалай, У.Баатар дарга нарт баярлалаа. 

Үүнээс гадна Сэлбэ хотын 20-45 дүгээр багцын 26 байршилд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж, гар бие оролцох боломж нь нээгдсэн. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажил гээд Сэлбэ хотын хоёр хэсэгт монгол хүмүүс томоохон бүтээн байгуулалт гүйцэтгэх нь түүхэн үүрэг.

Тав хувааж зарлах тендерт оролцох монгол компаниуд чанартай, төлөвлөсөн түргэн хугацаанд бүтээн байгуулалтаа гүйцэтгэх хариуцлагатай ажил гэдгийг захья.

Төр хувийн хэвшлийн хамтын хүчээр Сэлбэ хотыг бүтээнэ" гэв.

"Монополын эсрэг газар, үндсэн хуулийн Цэц зэрэг олон газарт хүсэлт тавьсны үр дүнд Сэлбэ хотын 3, 4 дүгээр багцын тендерүүд түдгэлзсэн юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын барилгын үндэсний ассоциац" ТББ-ын гүйцэтгэх захирал Батсүх "Бидний хувьд Монголын барилгын салбарт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж, Засгийн газар болон нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах саналыг удаа дараа тавьж ирсэн.

2024 онд Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн нэгжтэй гэрээ байгуулж, үндэсний компаниудыг томоохон төслүүдэд оролцуулах, төслүүдийг олон улсын буюу Фидикийн гэрээний зохицуулалтаар хэрэгжүүлэх хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Үүний дараа Сэлбэ хотын томоохон багц тендерүүд зарлагдаж, 1, 2 дугаар тендерт Монголын барилгын компаниуд оролцож чадаагүй учир Барилгачдын нэгдсэн холбоо, Барилгачдын төлөө хөгжлийн нэгдэл ТББ-тай хамтарч нийслэл, УИХ-ын нэр бүхий гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлж, санал хүсэлтээ тавьсан. Гэвч энэ асуудлыг шийдэхгүй байгааг удаа дараа хэлсэн.

Монополын эсрэг газар, үндсэн хуулийн Цэц зэрэг олон газарт хүсэлт тавьсны үр дүнд Сэлбэ хотын 3, 4 дүгээр багцын тендерүүд түдгэлзсэн юм.

3, 4 дүгээр багцын тендерийг тав хувааж, монгол компаниуд оролцох боломжоор хангагдсанд баяртай байна.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах, салбарын худалдан авах ажиллагаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах, Фидикийн гэрээ хийх, барилгын салбарт ажиллах хүчнийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлийг тусгасан гэрээг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай байгуулж, хамтран ажиллаж байгаа.

Бидний зүгээс одоо зарлагдах таван багц тендерийн шалгаруулалт, Хятадын гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу дотоодын худалдан авалт хийж байгаа эсэх, барилгын чанарт хяналт тавина" хэмээн ярилаа.