Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил өнөөдөр эхэлсэн. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм. Түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.
- Сэлбэ дэд төвд 2,206 нэгж талбарыг чөлөөлж, 160 га талбайд 13,000 айлын орон сууц барих юм. Үүний 10,100 айлын орон сууцыг тендерт шалгарсан компани гүйцэтгэх бол үйлчилгээний хэсэгтэй, 3,000 айлын орон сууцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу дотоодын ААН-ээр бариулахаар төлөвлөсөн.
- "20 минутын хот" концепцын хүрээнд барьж байгаа анхны хот нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл үйлчилгээ, худалдааны байгууллагатай байх юм. Кэмбрижийн хөтөлбөртэй гурван сургууль, таван цэцэрлэг барина.
- Циркийн барилгыг Сэлбэ дэд төвд барихаар төлөвлөсөн. Улсын төсөвт мөнгийг суулгана.
- Сэлбэ голыг өргөсгөж, хөв цөөрөм байгуулан эрэг дагуу иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх газартай болгоно.
- Хэрэглээний усыг зэс шугамаар дамжуулах бол цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний хосолсон хувилбарыг сонгож, зураг төсөлд тусгасан.
- Тус төв рүү Трамвайны нэгдүгээр шугам төлөвлөгдсөн.
- Эхний ээлжийн 4,400 айлын орон сууцыг тендерт шалгарсан хоёр компани хоёр жилийн хугацаанд чанартай материалаар барьж өгөх гэрээтэй.
- Ирээдүйн Сэлбэ хотын орон сууцанд орох иргэдийн захиалгыг 2025 оны наймдугаар сарын 1-нээс авч эхэлнэ. Байршил, давхраасаа шалтгаалж орон сууцны үнэ харилцан адилгүй бодогдоно.
- Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгыг барих өнөөдрийн нээлтийн арга хэмжээг гүйцэтгэгч байгууллагаас зохион байгуулж байгаа. Нийслэлийн төсвөөс нээлтийн арга хэмжээнд мөнгө төгрөг гараагүй. Олон нийтэд сурталчилж таниулах нь буруу зүйл биш байх гэж бодож байна.
Газар чөлөөлөлтийн тухайд:
- Сэлбэ дэд төвд газраа чөлөөлөөгүй 100 гаруй айлын нэлээдгүй нь бичиг баримтын зөрчилтэй, 20 гаруй нь нүүхгүй гэж ярьдаг бол үлдсэн нь үнийг зөвшөөрдөггүй. Бичиг баримтын зөрчлийг арилгахаар хуульчдыг баг ажиллаж байгаа. Нүүхгүй гэсэн айлуудаас өчигдөр 2, 3 нь нүүхээр гэрээнд гарын үсгээ зурсан. Үлдсэн айлуудтай ойлголцож, зөвшилцөж байна.
- Сэлбэ голын дагуу үйлчилгээ эрхэлж байгаа айлуудын зарим нь төлөвлөлтөд нийцүүлж үйлчилгээний барилга барьж өгөх саналыг хэлсэн. Энэ бол нээлттэй. Эдгээр айлууд нийлээд Имартын франзчайзинг авч болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!