Сүхбаатар дүүрэг, Зургаан буудлын “Оргил” худалдааны төв орчмын газрыг чөлөөлж, Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлээд буй. 158 га талбайд Сэлбэ дэд төвийн нийт 8,565 өрхийн орон сууцны хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөжээ.
Бүтээн байгуулалтын явцын талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар "Одоогийн байдлаар нийт 8,565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн, үргэлжилж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны долоодугаар сард эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм.
Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна.
Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8,500 айлын орон сууцыг барих юм" гэв.
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,362 айлын орон сууцыг барих тендерт шалгарсан "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" группийн захирал Тиан Гуо Ин "Сэлбэ дэд төвийн орон сууц барих бүтээн байгуулалтыг 2027 оны дөрөвдүгээр сарын 2-нд бүрэн дуусгана. Хятад улсаас ажилчид ирнэ. Ажиллах хүчний 60-70% нь монгол хүмүүс" хэмээн хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!