Нийслэл хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Оргил худалдааны төв орчмын 158 га талбайд 8,565 өрхийн орон сууц барих компаниуд шалгараад буй. 1.6 их наяд төгрөгөөр тус дэд төвийн орон сууцны хорооллыг барихаар төсөвлөсөн юм.
Уг төслийн гүйцэтгэлийн явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах долоон багц бүтээн байгуулалтаас нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьд хүрчээ.
Багц нэгийн 1,786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3, багц хоёрын 2,028 айлын 26 блокийн суурь цутгалтын ажил 68 хувьтай тус тус үргэлжилж байгаа аж.
Төслийн эхний ээлжийн 3,800 айлын орон сууцны барилгын ажлыг хоёр жилийн дараа буюу 2027 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөжээ.
Сэлбэ дэд төвд баригдах 8,565 өрхийн орон сууц нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад, зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх шүүлтүүртэй байх гэнэ. Орон сууцны нэг м.кв-ыг дунджаар дөрвөн сая төгрөгөөр борлуулахаар тооцоолжээ.
Мөн Монгол Улсын циркийг тус дэд төвд байгуулна гэж мэдээлсэн юм.
Эдгээр орон сууц ашиглалтад орсноор 15,600 янданг буулгаж, 12,000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгана гэж танилцуулаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!