Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийв.
Энэ талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл "Монголын барилгын салбарт нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл 1.5-2 төгрөг болж өсдөг. Өөрөөр хэлбэл зах зээлдээ буцаагаад нэмүү өртөг үүсгэдэг гэх судалгаа тооцоо бий.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хоёр их наяд төгрөг Монголын эдийн засагт 3-4 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх байжээ. Хэрвээ Монголын барилгын салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл 100-200 ажлын байрыг шууд болон шууд бусаар дэмждэг.
Тэгвэл дээр дурдсан хоёр их наяд төгрөгийн ажил хэчнээн ажлын байрыг бий болгох вэ?
200,000-400,000 ажлын байрыг бий болгох байжээ.
Үржүүлэгч үр дүнгээр бодвол хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголын барилгын салбарт хийснээр улс 300-400 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлогыг буцаан авах боломжтой байдаг" гэдгийг ярилаа.
Мөн тэдний зүгээс "Сэлбэ дэд төвийн тендерт 15 хятад компани орж ирж байна. Удахгүй наймдугаар сарын 14-нд задрах тендер дээр 20, 30-аараа орж ирнэ. Яагаад гэвэл манай улсын тендерийн хууль тэд нарыг урин дуудаж байгаа.
“Монгол компаниудыг цөм цохиод өг. Наадуул чинь юм хийж чадахгүй ээ. Та нар орж ирээд тендер ав" гэсэн ийм заалт байна.
Туулын хурдны замын 2.5 их наядын ажлыг хятад компаниар хийлгүүлсэн. Америкт хурдны зам тавьж байгаа монгол инженер залуу сэтгэл нь өвдөөд ярьж байна лээ. Арай л хэтэрсэн үнээр тавиулаад байна гэж.
Дэлхийн жишгээс 3-5 дахин өндөр үнээр авто зам тавиулж байна. Үүн дээр яагаад манай Авто замчдын холбоо дуугүй байгаад байна вэ?
Дарханы замыг та бүхэн санаж байгаа байх. Хятад компаниуд тавьсан. Тухайн үедээ л мега төсөл байсан ч 6, 7 жил сунжирсан. Хамгийн сүүлд монгол компаниуд л дуусгасан шүү дээ.
Бүх салбараа харийнханд алдах юм уу?, Монголын бизнес эрхлэгч, компаниуд юу хийх ёстой юм бэ?
Бид халамж аваад гэдсээ илээд дээш хараад хэвтэж байх юм уу? Яах вэ сард 3, 4 саяын халамж өгнө гэвэл чимээгүй хэвтэж болж байна. Бүх салбарын бизнес эрхлэгчид ажил хиймээр байна. Эх орондоо бүтээн байгуулалт хиймээр байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!