Х.Нямбаатар: Улаанбаатар хотын музейн шинэ барилгыг Сэлбэ дэд төвд барьж, хамгийн өндөр төрийн далбааг намируулна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарсан тухай тус музейн захирал П.Даваасүрэн мэдээлж байсан юм. Уг музейн шинэ барилгыг Сэлбэ дэд төвд барихаар болжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Хоёр сая хүн амтай, 380 гаруй жилийн түүхтэй Улаанбаатар хотын одоогийн музейг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг.
Үүнийг Улаанбаатар хотын музейн шинэ барилгыг Сэлбэ дэд төвд барьж, барилгын дээр хамгийн өндөр төрийн далбааг намируулна. Хотын музейн үзмэрүүд нь хүрэхгүй бол гаднаас зарим музейн үзмэрүүдийг худалдаж авч тавьж болох юм.
Улаанбаатар хотын хамгийн хойд, өндөрлөг цэгээс хотыг нь харчхаад виртуал хэлбэрээр үздэг болгоно.
Ирэх жил 20 минутын хот төслөөс музейн зардлыг гаргах байдлаар шийдэж, тендерийг зарлана.
Гаднын хотуудын музей үнэгүй, виртуал байдаг юм билээ. Мөн музейн урд талд кофе шоп байх ёстой. Тухайлбал Прагийн Карлийн гүүрний урд талын хааны ордны хэсэгт нь Starbucks кофе шоптой юм билээ. Жуулчид дэлхийн хамгийн үнэ цэнтэй байршилд кофе ууж зургаа даруулахын тулд тэнд очдог байгаа юм. Ингэснээр хааны ордных нь орлого нэмэгддэг байна" гэв.
Улаанбаатар хотын музей нь 70 жилийн түүхэндээ 3,500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ.
Зай, талбайн хүртээмж хангалтгүй, ердөө 240 гаруй ам.метр талбайд 3,500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
