Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарсан байна.
Энэ тухай Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн “Улаанбаатар хотын музей 1956 онд байгуулагдсан бөгөөд 386 жилийн түүхтэй нийслэл хотын соёлын биет өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэ жил манай музей үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй онцгой жил. Ойгоо угтахтай зэрэгцэн сайхан мэдээ сонслоо. Нийслэлийн Засаг дарга их хотын түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор музейг зориулалтын шинэ байртай болгохоор анхаарч буйд чин сэтгэлээсээ талархаж байна.
Мөн түүхэн дурсгалт барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд үзмэрийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг дотоод засваруудыг түүхэнд байгаагүйгээр хийж өгсөн. Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын музейг үндэсний хэмжээний бүрэлдэхүүн музей болгохоор төлөвлөж байна. Ингэснээр их хотдоо хайртай ахмад настан, хүүхэд, багачууд төдийгүй иргэд олон нийт баярлана гэж найдаж байна.
Дэлхийн улс орнуудын нийслэлийн музейнүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын музей онцлог, давтагдашгүй түүхийг өгүүлдэг. Монгол Улс арвин баялаг түүх, өв соёлтой ард түмэн бөгөөд хотын түүх гэдэг утгаараа бүр ч ондоошилтой.
Манай музей нь их хотын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Музей нь 70 жилийн түүхэндээ 3,500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ.
Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас хадгалагдаж буй 3,500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!