Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүс горилогчдын нэг болов
Мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг World Boxing Council (WBO) тавдугаар сарын шинэ чансаагаа танилцууллаа.
Шинэчлэгдсэн чансаагаар Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар superfeatherweight буюу 58.967 кг жингийнхээ 15-д эрэмбэлэгдэв. Ингэснээр манай тамирчин албан ёсоор аваргын бүс горилогч болж байна. Саяхан тус холбооны АНУ-ын мөнгөн бүсийн эзэн болсон Э.Цэндбаатар бүсээ хамгаалах дараагийн тулаанаа 120 хоногийн дотор хийх даалгавартай гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн билээ.
Одоогоор түүний жинд WBC холбооны бүсийг АНУ-ын О'Шакуи Фостер эзэмшиж байна. Тэгвэл чансааны нэгт Италийн Майкл Магнеси бичигдэж байгаа бол түүний араас АНУ-ын Рэймонд Форд, Их Британийн Райан Гарнер, тус холбооны мөнгөн бүсийн эзэн Францын Халил Эль Хадри, Марокко гаралтай Испанийн боксчин Моусса Голам нар эхний тавд жагсав.
Сонирхуулахад WBC холбооны бүс эзэмшигчид болон чансааны 15-д жагсаж байгаа тамирчид "Clean Boxing Program"-д заавал бүртгүүлдэг аж.
Тус холбооны шинэчлэгдсэн чансааг та эндээс харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
