Интерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Б-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны тавдугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самуун сурталчилсан, садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.
Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ болон Солонгос Улсын Интерполтой хамтран зохион байгуулжээ.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
