Хятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв
Ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахаасаа өмнө дайн дуусгах гэрээг Ирантай байгуулж магадгүй байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжинд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах гэж байгаа юм.
Америкийн зарим хэвлэлүүдийн мэдээлснээр одоо АНУ, Ираны талууд 14 зүйлтэй санамж бичгийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.
Уг санамж бичигт гарын үсэг зурвал дайн дуусах бөгөөд Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, хариуд нь АНУ-ын эдийн засгийн хоригийг цуцлах асуудлаар 30 хоногийн хугацаатай яриа хэлэлцээ эхлэх юм байна.
“Тиймээ, би тэгж бодож байна. Гэхдээ цаашдаа юу болохыг харцгаая. Бидэнд тохиролцоонд хүрэх маш сайхан боломж дахин гарч ирлээ гэж би бодож байна. Хэрвээ гэрээ байгуулж чадахгүй бол хуучин арга замдаа буцаж шилжих байх” гэж Трамп өчигдөр PSB News сувгаар ярьжээ.
Ингэхдээ тэр гэрээнд яг ямар асуудлууд багтаж байгааг хэлэхээс татгалзсан байна.
Ши Жиньпинтэй уулзах үеэр Ираны асуудал яригдах эсэхийг сэтгүүлч асуухад Трамп “хэрвээ тохиролцоонд хүрвэл төдийлөн их яригдахгүй” гэж хариулжээ.
Энэ үеэр тэр бас Ираныг сүрдүүлэхээ мартсангүй.
“Дайн дуусах магадлал маш өндөр байгаа бөгөөд хэрвээ дуусахгүй бол бид тэднийг дахин бөмбөгдөх хэрэгтэй болно. Маш энгийн” гэж Трамп хэлжээ.
Сүүлд тэр Цагаан ордонд үг хэлэхдээ “Бид Ирантай сүүлийн 24 цагийн хугацаанд маш сайхан яриа өрнүүлсэн. Тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” гэсэн юм.
Энэ үеэр тэр бас Иран улс ирээдүйд цөмийн зэвсэгтэй болохгүйг баталжээ.
Дараа нь Трамп сошиал хуудсандаа “Хэрвээ тэд тохиролцоонд хүрэхгүй бол харамсалтай нь бид тэднийг урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй бөмбөгдөх болно” гэж анхааруулсан байна.
Даваа гарагаас эхлэн Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор хамгаалж гаргах “Operation Freedom” ажиллагааг эхлүүлж байгаагаа Трамп зарласан.
Гэхдээ энэ ажиллагаа ямар үр дүнтэй байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Дайн эхэлснээс хойш Персийн буланд 1,550 орчим хөлөг, 22,500 орчим далайчны хамт гацаад байгаа гэсэн мэдээллийг Пентагон энэ долоо хоногийн эхээр өгсөн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
