Б.Найдалаа: Цаашдаа дулааны тоолууртай болно. Тоолсон хэмжээгээр хэмнэдэг байх ёстой
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр дулааны тоолууртай болох зохицуулалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр "Монгол Улс дулааны тоолуургүй. Дулааны тоолуурыг бүх шатанд хэрэгжүүлэх төслийг бэлтгэх ажлыг энэ оны гуравдугаар улиралдаа багтаж эхлүүлэхийг өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайдад үүрэг болгосон.
Эрчим хүчний салбар олон тулгамдсан асуудалтай. Гэхдээ богино хугацаанд аргацаах биш, урт хугацаанд улсын хөгжил, эдийн засгийг бүрдүүлэгч үндсэн суурь салбар. Энэ утгаар нь ач холбогдол өгч бодлогын шийдлүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлж байгаа.
Цаашдаа Монгол Улсад дулаан, эрчим хүчийг тоолдог болно. Тоолсон хэмжээгээр хэмнэдэг байх ёстой. Үнэ тарифын хувьд зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээгээр зохицуулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байгаа" гэлээ.
Мөн "Тулгамдсан асуудлуудыг аргалж, аргацаах биш үндэс сууриар нь урт хугацааны шийдэл болохуйцаар иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтэрсэн эрчим хүчний салбарыг бий болгохын төлөө дорвитой шинэчлэл хийн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд хэд хэдэн зүйл Засгийн газрын тогтоолд дурдагдан шийдвэр гарсан. Хаврын сар дуусаагүй байна. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл нь эрчим хүчний салбарт онцгой чухал асуудал.
Нэгдүгээрт одоо хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сэлэнгийн 70 МВт-ын чадалтай ДЦС-ыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал.
Мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох шаардлагатай байгаа. Цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг шуурхайлан ашиглалтад оруулж, оргил ачааллын үед иргэд, ААН, байгууллагуудын цахилгааныг хязгаарлахгүйн тулд батарей хураагуурыг богино хугацаанд хэрэгжүүлнэ.
Таван аймагт, таван байршилд нарны цахилгаан станцыг маш богино хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг даалгавар болгосон. Хамгийн чухал асуудал бол үнэ тариф гэхээс илүүтэй энэ салбарын үр ашиг, зардал, засаглал юм.
Хэрхэн яаж эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг, дамжуулж түгээх өртгийг бууруулах вэ?
Энэ чиглэлээр хамгийн багадаа гурван хувь буюу богино хугацаанд бууруулна гэсэн чиг үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрчим хүчний сайдад үүрэг өгсөн. Гурав болон түүнээс илүү хувиар өртгийг бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа.
Дан ганц зардал бууруулах биш засаглалын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлол гэх мэтчилэн судалгаа, тооцоотой хийх ажлууд бий. Мөн энэ салбар хэрэглэгчдэд чиглэсэн хэрэглэгч төвтэй ухаалаг болох ёстой. Иргэд ямар төлбөр төлсөн, яагаад ийм хэмжээний төлбөр гарсан гэх мэтчилэн мэдээллийг авах цахим ухаалаг системийг нэвтрүүлэх чиг үүргийг өгсөн" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

