Стратегийн ордын үр өгөөжийг нэмж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой нөхцөл бүрдүүлэх агуулгатай бие даасан хууль боловсруулна гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар танилцууллаа.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашиг малтмалын ордод 16 ордын хамааруулсан. Үүний долоон ордод нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсон. Бусдынх нь тусгай зөвшөөрлийг хувийн хэвшил эзэмшиж байна.

Нийт 25 аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийх шаардлага үүссэнээс 11 нь үйл ажиллагаа явуулаагүй, 14 нь ажиллаж байна.

Хэлэлцээний дүнд дөрвөн аж ахуйн нэгжтэй зармын хоёр асуудал дээр харилцан тохиролцоод байна. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн хувь хэмжээг урьдчилсан байдлаар тохироод, үр өгөөжийн нь 60 хувьтай тэнцэх хэсэг нь ард түмэнд ногдоно гэдэг дээр тохирсон.

Зарим аж ахуйн нэгж энэхүү хэлэлцээнд идэвхгүй оролцож байна. Шаардлага тайлан, судалгааг ирүүлэхгүй байгаагаас тухайн ордын өгөөжийг тооцох, санхүүгийн загвар боловсруулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.

Мөн өгөөжийг тооцох нэгдсэн аргачлал нэгдсэн байдлаар байхгүй учраас зарим орд дээр харилцан адилгүй тооцох нөхцөл байдал үүсэж байгаа.

Түүнчлэн ТЭЗҮ шинэчлэн батлагдаагүй учраас эдгээр аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийх боломжгүй болоод байна.

Тиймээс иргэдэд хүртээх өгөөжийг бодитоор нэмэх, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын улмаас бие даасан хуулийг төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газарт танилцуул гэдэг үүрэг өглөө” гэв.