Д.Хадбаатар: Даваа гарагт гарсан шар өвсний түймрээс болж таван айлын гэр, хашаа, байшин шатсан
Цаг агаар дулаарч, иргэд ногоон бүсэд зорчих нь ихэссэн тулд энэ үедээ анхаарал болгоомжтой байж, ой хээрийн түймрээс сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас анхааруулж байна.
"Ойн тухай хуульд зааснаар нэн хуурайшилтын аюултай үе нь жил бүрийн гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 20-н. Энэ хугацаанд ой модтой газраар зорчихдоо иргэн бүр анхаарал, хариуцлагатай байж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах ёстой" гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатар хэллээ.
Мөн тэрбээр "Иргэдийн хариуцлагагүй байдлаас шар өвсний, ой хээрийн түймэр гарсаар байна. Өнгөрсөн сард Богд ууланд нэг удаа ой хээрийн түймэр, хоёр удаа шар өвсний түймэр гарсан. Байгальд экологид ихээхэн хохирол учирсан. Энэ нь хүний санамсар болгоомжгүй байгаатай салшгүй холбоотой.
НОБГ-аас хуурайшилтын үе үргэлжилж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлын үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. Жишээлбэл "Шар өвс шатахуун адил шатдаг" хэмээх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, ногоон бүсийн эргүүлүүдийг өдөр бүр 09:00-20:00 цагт ажиллуулж байгаа юм. Мөн Зайсан орчимд пост гаргаж, ууланд алхахаар явж буй иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байна.
Гэвч сэрэмжлүүлэг өгсөөр байтал зарим нь үл ойшоож, ногоон бүсэд татсан тамхиа бүрэн унтраалгүй шидэх, ил гал гарган цай хоол хийдгээс болж гал түймэр дэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас дахин анхааруулав.
Иргэн санамсар болгоомжгүйгээс гал алдсан бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байна. Мөн учирсан хохирлыг хэмжээ их бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг байна.
Зөрчлийн тухай хууль
5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

