III, IV хорооллын арын дэнжийн 10 га талбайг тохижуулах зургийг үзүүлэв
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртжээ. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байна.
Өчигдрөөс газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлж, Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм.
Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна. Эл өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг юм.
Тухайн орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд хорооллын арын дэнжийг дараах байдлаар тохижуулна гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

