Ж.Хүдэрчулуун: Он гарснаас хойш нийслэлд бүртгэгдсэн гал түймрийн 56.4% нь тамхи татах, шар өвс шатаах зэрэг ил галаас үүдэлтэй

Б.Бадамгарав, IKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 20-нд хуурайшилтын үе таардаг тул гал түймрийн аюулаас сэрэмжилж, агаар салхинд гарахдаа ил задгай гал гаргахгүй байх, гагнуурын ажлаа болгоомжтой хийх, үнс нурмаа битүү саванд хийхийг зөвлөдөг. 

Гэвч анхаарал болгоомжгүй байдлаас улбаалан гал түймэр гарч, иргэд амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал тохиолдсоор байгаа тул өнөөдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас нөхцөл байдлыг танилцуулж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун "Он гарснаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийслэлийн хэмжээнд 897 удаагийн гал түймрийн дуудлага мэдээллээр ажилласан.

Гал гарсан байршлыг ангилж үзвэл

  • байшинд 228,
  • хогийн цэгт тархсан 202,
  • шар өвсний гал түймэр 70 удаа гараад байна.
Харин гал түймрийн шалтгаан нөхцөл харахад 56.41 хувь нь тамхи татах, үнс нурмаа хяналтгүй хаях, шар өвс шатаах зэрэг ил галаас шалтгаалж гарсан. Мөн 17 хувь нь цахилгаан ашиглалтаас шалтгаалсан. Гал түймрийн улмаас есөн хүн амь насаа алдлаа. Иймд ард иргэд анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэх шаардлагатай байна" хэмээв.

2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар шар өвсний 70 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 67.5 хувиар буурсан дүн боловч иргэд шар өвсөө шатаах, гагнуурын оч үсэргэх гэх мэтээр хариуцлагагүй байсаар байгааг холбогдох албанаас мэдээллээ.