Монголын эмэгтэй хөлбөмбөгийн "Ховд Вестерн" клубийн арын албаны ажилтан болон нэг тоглогч тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэргээр 5-10 жил эрхээ хасуулав
Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны Сахилга бат, Ёсзүйн хорооноос Монголын эмэгтэй хөлбөмбөгийн "Ховд Вестерн" багийн арын албаны ажилтан буюу эмч Б.Мөнхцэцэг, тамирчин Н.Намуунаа нарыг тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэрэгт буруутай гэж үзсэн байна. Ингэснээр тэднийг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 5-аас 10 жилээр хассан аж.
Тодруулбал 2025 оны наймдугаар сарын 25-нд эмэгтэйчүүдийн Азийн Аваргуудын лигийн хэсгийн шатанд Монголын "Ховд Вестерн" болон Филиппиний "Stallion Laguna FC" баг хоорондоо учраа таарсан. Уг тоглолтод Филиппиний баг 6:1-ээр илүүрхсэн юм.
Энэ тоглолтын үеэр Б.Мөнхцэцэг, Н.Намуунаа нарыг тоглолтын үр дүнд санаатайгаар нөлөөлөх үйлдэл хийсэн буюу ёсзүйн зөрчлийн 66.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Анх удаагаа Азийн Аваргуудын лигт өрсөлдсөн "Ховд Вестерн" баг дараагийн тоглолтод Мьянмарын "Ispe FC"-д 0:8-аар дийлдсэн ч Гуамын "Strykers FC"-г 5:2-оор буулган авснаар түүхэндээ анхны гурван оноогоо авсан билээ.
Гэхдээ энэ хожил нь хэсгээсээ шалгарахад хангалтгүй байв. Тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Өдгөө 26 настай Н.Намуунаагийн хувьд 2024 оноос "Ховд Вестерн" багт тоглож байжээ. Мөн 2022 оноос шигшээ багтаа 18 тоглолт хийхдээ дөрвөн гоол оруулж байв.
Эх сурвалж: AFC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
